Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Прага, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Цаашид харилцааны түвшнийг ахиулан хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг тэлж эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллана.
Хэлэлцээний үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалыг хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.