Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 80 хувийг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-22 14:08:52

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийг 80 хувиар тогтоож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр боллоо.


НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад олгох нөхөн төлбөрийг тухайн цэргийн багийн бүрэлдэхүүний гишүүн тус бүрээр нь тооцон Засгийн газарт олгодог. Харин манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Засгийн газрын шийдвэрээр олгож ирсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор 80 хувийг энхийг сахиулагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр боллоо. Үүнээс өмнө 2006 онд 60 хувийг энхийг сахиулагчид, 40-ийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлдэг байв. Улмаар 2011 оны 270 дугаар тогтоолоор дахин өөрчлөхдөө 70:30 болгож байсан юм.


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчлөх шийдвэр гаргалаа. 2002 оноос хойш 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд давхардсан тоогоор 23 мянга орчим цэргийн албан хаагч ажилласан байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувь нь үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд, 20 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлээ. Ингэснээр энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчийн нийгмийн асуудалд томоохон ахиц гарна. Бүтэн жилийн үйл ажиллагаанд алс хол газар үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчид 6.0 сая төгрөгийн нэмэлт томилолтын зардал болгож өгч буйгаараа онцлогтой” хэмээн ярилаа.


Өнөөдрийн байдлаар Өмнөд Суданд 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон, Ливанд дөрвөн цэргийн алба хаагчтай эмнэлгийн бүлэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

 

 

 

Холбоотой мэдээ