Гурван байршилд нүхэн гарц барих газрыг чөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-22 16:57:49

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилгоор, төмөр замтай огтлолцуулахгүйгээр дөрвөн байршилд нүхэн гарц хийхээр төлөвлөөд байна.


Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд 21 нэгж талбар өртсөнөөс одоогоор 18-ыг нь чөлөөлж, үлдсэн гурван нэгж талбарт аж ахуйн нэгж, иргэнтэй зөвшилцөж байна. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэлийг дуусгаж, инженерийн шугам сүлжээг хийж байгаа. Ирэх оны хавраас авто замын барилгыг угсрахыг НЗДТГ мэдээлжээ.


“Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийг бэлтгэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбар зөвшилцөх шатандаа байна. Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулсан. Газар чөлөөлөлтийн хүрээнд 19 нэгж талбарт мэдэгдэх хуудас хүргүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзжээ. Төмөр зам авто замтай өөр түвшинд буюу нүхэн гарцын шийдлээр огтлолцох төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэж, төмөр замын хаалттай гарам дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах юм. 


Өнгөрсөн намар Таван шарын нүхэн гарцыг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Харин явган хүний гүүрэн гарцын зураг төслийг боловсруулж магадлалаар батлуулахаар хүргүүлээд байгаа аж. 

Холбоотой мэдээ