“Улаанбаатар марафон”-ы замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-12 11:21:50

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 11 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан сертификат олгосон байна.


Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгох, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдлээ. 11 дэх удаагийн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 23-нд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар бүртгэж байгаа бөгөөд бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.


Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Мөн эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг байх юм. Харин 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцуулна. Бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг. Үүнээс гадна 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг юм байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүй бүртгүүлж  оролцоно.

Холбоотой мэдээ