Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 23-24-ний өдрүүдэд боллоо.
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан "Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" 11/7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулав.

Энэ үеэр манай улсын хувьд улс төрийн намуудын санхүүжилт ил тод байдаг эсэх, энэхүү асуудлыг манай улс хууль, эрх зүйн хувьд хэрхэн шийдэж буй талаар Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт хяналтын газрын дарга Н.Булгамаагаас тодрууллаа. Тэрбээр, “Манай улс Улс төрийн намын тухай хуулийг 1990 оноос мөрдөж ирсэн. Тус хуульд 2005, 2023 онд тодорхой өөрчлөлтийг оруулсан. 2023 оны өөрчлөлтөөр улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасны зэрэгцээ хяналт тавих чиг үүргийн байгууллагуудыг зааж өгсөн. Энэхүү заалт хэрэгжсэнээр 2024 оноос улс төрийн намууд санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод болгож эхэлсэн. Хэдийгээр парламентад суудалтай намууд 2005 оны хуулиар төрөөс санхүүжилт авдаг байсан ч хаана хэрхэн тайлагнах, тайлангаа хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэх зэрэг харилцаа зохицуулагдаагүй байсан.
2023 оны шинэчилсэн найруулгаар дээрх чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хороо хариуцах болсон. Тус хороо сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэлтэй 37 намын санхүүгийн тайланг анх удаа олон нийтэд ил тод болгож, гишүүдийн тоо, хөрөнгө, хандив зэрэг мэдээллийг гаргаж тавьсан. Үүний зэрэгцээ Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан санал солилцох, туршлагаас нь судлах зэрэг ажлыг хэрэгжүүлж ирлээ.
Үүнд үндэслэн НҮБ-ын авлигын эсрэг конвенцын 11.7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол баталж, ерөнхий төлөвлөгөө гаргасан. Энэ дагуу манай байгууллага өөрсдийн хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр яамдуудтай хамтран ажиллаж байна.
Бидний ажлын нэг томоохон чухал хэсэг бол энэхүү дугуй ширээний уулзалт юм. Уг уулзалтын үеэрх мэдээллийг сонсоход улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох нь тухайн улс дахь авлигыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үндсэн алхам гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Харин хяналтын байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны ил тод байдал, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах нь хэрэгжилтийн тогтолцоог сайжруулахад чухал нөлөөтэй хэмээн үзэж байна” гэлээ.
Энэ удаагийн дугуй ширээний уулзалтад гадаад орнуудын 40 гаруй, дотоодын 70 гаруй төлөөлөгч оролцов.



