Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” хувьцаат компани дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий SUU 2.0 шинэ үйлдвэрийг албан ёсоор ашиглалтад орууллаа.
Тус үйлдвэр нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үр ашгийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн томоохон төсөл аж. 2590.6 м² талбайтай SUU 2.0 үйлдвэрт түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үндсэн дамжлагыг нэг цогц системд нэгтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавих, технологийн горимыг тогтвортой мөрдөх, бүтээгдэхүүний чанарыг жигд хадгалах нөхцөл бүрдсэн байна.
Энэхүү үйлдвэрт Германы GEA, Шведийн Tetra Pak, Финландын Elecster, Италийн FENCO, Францын SERAC зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг суурилуулсныг нээлтийн үеэр албаныхан онцоллоо. Үүнээс гадна асептик үйлдвэрлэлийн шугам, бүрэн автомат сүүний тоног төхөөрөмж, төвлөрсөн MCC удирдлагын систем, автомат CIP цэвэрлэгээ, ариутгалын системийг нэвтрүүлсэн байна.



CIP систем нь тоног төхөөрөмж, шугам хоолойг задлахгүйгээр цэвэрлэж, ариутгах боломж олгодог бол MCC удирдлагын систем нь үйлдвэрийн үйл ажиллагааг бодит цагийн горимд нэгдсэн байдлаар хянахад чиглэнэ. Эдгээр технологийн шийдэл нь үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангаж, чанарын хяналтыг сайжруулахад чухал үүрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ярихдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын 36 дугаар тогтоол болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 2500 гаруй аж ахуйн нэгж том, жижиг төсөл хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хөдөө аж ахуй, хүнсний салбарын 53 үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлжээ. Харин өнөөдөр ашиглалтад орж буй энэхүү үйлдвэр 54 дэх нь болж буйгаараа онцлогтой. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн нэг нь энэхүү сүүний үйлдвэр юм. Тус компани хөдөлгөөн эхэлж байх үед өдөрт 16 тонн орчим сүү татан авдаг байсан бол өнөөдөр хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн хүчин чадалтай болжээ. Энэ нь зөвхөн үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж буй үзүүлэлт биш юм. Үүний цаана малчид, фермерүүдийн орлого өсөх бодит боломж бүрдэж байна. Учир нь малчид сүүгээ үйлдвэрт нийлүүлж, борлуулалтын орлогоо олохын зэрэгцээ сүүний урамшуулал авах боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа нэмснээр дотоодын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж, импортын бүтээгдэхүүнийг шахаж чадлаа. Үр дүнд нь хэрэглэгчид эх орондоо үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломж улам нэмэгдэж байна. 50-60 сая толгой малтай орны хувьд малын гаралтай түүхий эд, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асар их нөөц, боломжтой. Энэхүү нөөц боломжоо бүрэн ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж, экспортын орлогоо нэмэгдүүлэх нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний томоохон зорилтуудын нэг юм. Цаашид “Хүнсний хувьсгал 2.0” хөтөлбөрийг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна” хэмээн онцоллоо.

Тэгвэл “Макс групп”-ийн ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга, хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар, “Өнөөдөр манай хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкнаас 50 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар зээлийнхээ 50-60 хувийг гэрээний хуваарийн дагуу төллөө. Сүү, сүүн бүтээгдэхүүн бол хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой хүнс юм. Тэр дундаа эхийн сүү, малын сүү нь хүний шим тэжээлийн чухал эх үүсвэр билээ. Манайх үйлдвэрээ Германы тоног төхөөрөмж, технологид тулгуурлан байгуулж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд оролцсон бүх хүн, байгууллагад талархал илэрхийлье. Мөн бидэнтэй хамтран ажиллаж, сүүгээ тогтмол нийлүүлдэг 2500 гаруй малчин, фермерүүддээ болон бидний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг нийт хэрэглэгчдэдээ баярлалаа гэж хэлье. Эрүүл монгол хүний төлөө, илүү сайхан Монголын төлөө манай хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна. Бид шинэ бүтээгдэхүүнүүд гаргахаас гадна бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад онцгой анхаарч байгаа юм. Монгол хүний сүүний хэрэглээ дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Тиймээс сүүний хэрэглээг нэмэгдүүлж, дэлхийн дундаж түвшинд хүргэх нь монголчуудын эрүүл мэнд, урт удаан наслахад чухал ач холбогдолтой” гэв.

Харин “Сүү” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Юуны өмнө, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжийг нээж, шаардлагатай дэмжлэг үзүүлж буй холбогдох яам, байгууллагуудад талархал илэрхийлье. Мөн хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч буй Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье. Манай компани үйлдвэрлэлийн хүчин чадал, боломждоо тулгуурлан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид тараг, сүү зэрэг бүтээгдэхүүний олон төрлөөс сонгон хэрэглэх болсон. Тиймээс хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэхээр төлөвлөсөн. Одоогоор 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. Манай компани 2006 оноос хойш хөдөө аж ахуйн салбарын малчид, фермерүүдтэй хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2500 орчим малчин, фермер манайд өдөр бүр сүүгээ нийлүүлж байна. Мөн Улаанбаатар хот болон түүний эргэн тойрны 300 км-ийн радиус доторх бүс нутгаас өдөр бүр сүү цуглуулдаг 40 орчим сүүний машин ажилладаг. Үйлдвэрлэлд хүлээн авсан сүүг шаардлагатай технологийн дагуу боловсруулж, хэт өндөр температурт буюу UHT аргаар ойролцоогоор 137 хэмд халаан ариутгаад, шууд савладаг. Энэ процесс нь сүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилготой. Бүтээгдэхүүний найрлагад химийн бодис, нэмэлт бодис ашигладаг эсэх асуудлыг тухайн бүтээгдэхүүний орц, найрлага болон үйлдвэрлэлийн технологийн мэдээлэлд үндэслэн ойлгох нь зүйтэй. Манай борлуулалт сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин, харин сүүлийн арван жилийн хугацаанд арав дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид гар ажиллагааг бууруулж, үйлдвэрлэлийн процессыг автоматжуулахад анхаарч байгаа юм. Үйлдвэрлэлийн ажилчдын тоо харьцангуй тогтвортой байгаа ч нэг ажилтны бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, автоматжуулалт, технологийн шинэчлэлийн үр дүнд ажиллах хүчний бүтээмжийг дээшлүүлэх боломж бүрдэж байна. Мөн шинэ үйлдвэртэй холбоотойгоор ажлын байр шинээр бий болох боломжтой. Бид экспортын боломжийг байнга судалж байгааг хэлэх нь зөв байх. Гэхдээ өнөөгийн нөхцөлд дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах нь нэн тэргүүний зорилт. Монгол Улсын иргэдийн шингэн сүүний хэрэглээ өдөрт ойролцоогоор 85 мл байдаг гэсэн тооцоо бий. Цаашид хэрэглээ нэмэгдэх хандлагатай. Тиймээс бид дотоодын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн хүргэхийн төлөө ажиллаж байна” гэж ярилаа.






SUU 2.0 үйлдвэрийн төслийн барилгын ажил 2024 оноос эхэлж, хоёр жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орж байгаа нь энэ. Үйлдвэр ашиглалтад орсноор “Сүү” хувьцаат компанийн хоногт боловсруулах сүүний хэмжээ 200 тонноос 400 тонн болж, хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байна. Энэхүү өргөтгөл нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэхийн зэрэгцээ хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах шинэ боломжийг нээж буйгаараа онцогтой. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн боломжоо бүрэн ашигласнаар 2-5 жилийн хугацаанд Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьжээ.
1958 оноос эхтэй “Сүү” ХК-ийн олон жилийн туршлага, хуримтлуулсан мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулсан SUU 2.0 төсөл нь компанийн үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байна. Түүнчлэн Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт автоматжуулалт, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.










