Обама, Нетаньяху хоёр Палестин, Иран, Сирийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-06 14:43:40

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Ойрхи Дорнодын байдлыг тайван замаар зохицуулах, Ирантай байгуулсан цөмийн гэрээ болон Сирийн байдал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын Цагаан ордонд даваа гарагт хийх хэлэлцээний гол сэдэв болно. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родс мэдээлжээ.

“Хэдийгээр хоёр орны хооронд зарим үед санал зөрөлдөөн үүсдэг ч бид Израиль улстай тулгамдсан асуудлуудаар хамгийн өргөн хүрээнд хамтран ажиллахаар зорьж байна” гэж Родс хэлсэн байна.

Түүний хэлснээр, хэлэлцээний явцад “аюулгүй байдлын салбарын хоёр талын хамтын ажиллагааг” хөндөнө.

“Үүнээс гадна, бүс нутаг дахь Ираны явуулж буй үйл ажиллагааны талаарх бидний болгоомжлол, Израиль, Палестины харилцаа, мөн Сирийн асуудлыг оруулаад бүс нутгийн зарим асуудлыг хэлэлцэнэ” гэж Обамагийн зөвлөхийн орлогч онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ