ЦЕГ-аас энэ жил ноцтой гэмт хэрэг зөрчилгүй сайхан наадлаа гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dogsom@montsame.mn
2018-07-14 10:58:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.
Наадмын өрдүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд зохион байгуулсан урлаг соёлын тоглолтын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалт зохион байгуулах болон иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгөв. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэн нь үр дүнтэй болсон.
Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллалаа. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажиллав.

ОНЦЛОГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Энэ жил баяр наадмын хурдан морьдын уралдааныг дагах автомашиныг зохион байгуулалттай болгож, дэг журамд оруулсан нь онцлог байлаа. Урьд урьдын жилүүдэд хурдан морины уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсан эмх замбараагүй асуудлыг цагдаагийн байгууллагаас цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай 8 автомашинд зөвшөөрөл олгосон юм. Уг зохион байгуулалтыг хийснээр хурдан морины уралдаан шударга болж уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал байв.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь гараанаас барианы зурхай хүртэл телехяналтын камеруудыг суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгч, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван наадлаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ