Булганыхан Өвөрхангайгаас нүүрсээ татаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн "Илчит металл” ХХК “Булган мээж” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцаллаа.
Аймгийн дулаан, цэвэр бохирын ажлыг хариуцсан “Булган мээж” ХХК нь “Илчит металл” ХХК – тай гэрээ байгуулсан юм. Өвлийн халаалт эхлэхээс өмнө “Илчит металл” – аас 18700 тн нүүрс авахаар тохиролцож он дуустал буюу 2015 оны 12 – р сар хүртэл гэрээний дагуу нүүрсээ авч байсан. Харин он гараад "Илчит металл” компани нүүрс нийлүүлэх боломжгүй, нөөцгүй боллоо гэсэн байна. Түүнчлэн шатахууны үнэ буурсан тул нүүрсний үнийг бууруулна уу гэж “Булган мээж” ХХК хүсэлт гаргахад, үнэ бууруул гэж дарамт үзүүллээ гэсэн шалтгаар “Илчит металл” ХХК гэрээгээ цуцалжээ.
Одоогоор Булган аймгийн Булган сумын 6 уурын зууханд 6 тогоо ажиллаж байгаа бөгөөд Өвөрхангай аймгаас нүүрсээ татаж байна. Энэ нүүрс нь шаталт түргэн, хар утаа ихээр гардаг нүүрс тул агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна хэмээн иргэд гомдол санал гаргадаг боллоо.
П.Батням