Зудын нэн өндөр эрсдэлтэй сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-20 19:39:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан сумдад Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.


Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймгийн малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж олгох бөгөөд үүнд Говь-Алтай аймаг багтжээ.

Тодруулбал, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг 6 аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос хөдөлжээ. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

Говь-Алтай аймгийн хувьд 2020 оны зун хур бороо багатай байсны улмаас ихэнх нутгийн хэмжээнд гантай байсан бөгөөд зудын эрсдэлийн зургаар нэн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна. Одоогоор нийт нутгийн 80 хувьд нь цасан бүрхүүл тогтон өвөлжилт хүндрээд байгаа тухай тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Связанные новости