"Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-19 18:23:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хэрэгжиж буй "Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн арга хэмжээг Говь-Алтай аймагт үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тухай БОАЖГ-аас мэдээллээ.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайг нөхөн сэргээх зорилтыг хангах, эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл уг ажлын хүрээнд Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалын дагуу “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг зохион байгуулах ажлыг эхлүүлж холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна. 

Иймд дээрх бодлого, нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дэд бүтэц, уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын хэмжээг үе шаттайгаар бууруулах” зорилтыг тусган, “Нөхөн сэргээлт -2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухай БОАЖГ-аас мэдээлэв.

Уг ажлын хүрээнд 2020 онд нийт 4 удаагийн хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, уул уурхайн олборлолтод өртсөн 9.36 га, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн 52.77 га хууль бусаар ашигт малтмал олборлолтод өртсөн 6.49 га нийт 68.62 га талбайн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэн хүлээн авчээ.

Харин 2021 онд уул уурхайн олборлолтод өртсөн 22.57 га, дэд бүтцийн 4.35 га, хууль бусаар ашигт малтмал олборлолтод өртсөн 7.9 га талбайд нөхөн сэргээлтийг хийлгэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.


Связанные новости