ЗАВХАН: 1000 гаруй зурагтай гэрэл зургийн ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-16 16:44:01

Улиастай /МОНЦАМЭ/. Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны төв нутаг, Завхан аймгийн ууган сумдын нэг Завханмандал сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн ном хэвлэгджээ.

“Мэлмий тольдох Завханмандал” нэртэй байгалийн гэрэл зураг, танин мэдэхүйн мэдээлэл бүхий номыг дөрвөн улирлын төрхийг таван бүлэгт шингээн бүтээсэн. Завханмандал нутгийн байгалийн үзэсгэлэнг хүн бүр хүрч очиж үзэж амжихгүй. Тиймээс энэ нутгийн байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн дурсгалт газрууд, биологийн олон төрөл зүйлийн тухай товч тайлбартай өгүүлэх гэрэл зургийн номыг хүн бүрд дэргэд нь очоод үзсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн.

Зургийн цомог зөвхөн байгаль амьтан, ургамлын тухай өгүүлээгүй. Харин энэ нутаг усны өв уламжлал, соёлын тухай ч өгүүлэх сонирхолтой бүтээл боллоо гэж номыг бүтээгч байгалийн гэрэл зурагчин, Пүрэвхүүгийн Баатарзоригт мэдээлэв.


Энэхүү бүтээлийг санаачлагч, ивээн тэтгэгч, хамтрагчаар, Завханмандал сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, “Нарс модны төгөл” ХХК-ийн захирал С.Бүрэнжаргал, Завханмандал сумын Улиастай хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, “Энх нуга” ХХК-ийн захирал Ч.Пунцаг нар ажиллажээ. Номыг бүтээгч гэрэл зурагчин П.Баатарзоригт нь Завханмандал сумын нутгаар бүтэн жилийн турш тойрон аялж, нутгийн иргэн ахмад Ө.Балжиннямаар газарчлуулан жилийн дөрвөн улирлын байгалийн өнгө дүрслэлийг гэрэл зурагт буулган авсан нь номыг илүү сонирхолтой болгожээ.


Байгалийн гэрэл зураг бол тэр чигтээ гайхамшиг юм. Хүн тухайн газарт нэг очоод тийм ч сайн зураг авч чаддаггүй. Тиймээс энэ номыг бүтээхэд бүтэн жилийг зарцуулсан. Мөн өмнө нь очиж авч байсан гэрэл зургууд ч багтсан. Байгалийн зүй тогтол, сэтгэл зүйгээ судалж, төсөөлж байж зурагчин хүн сайн зураг авдаг. Монголын байгалийн үзэсгэлэнт төрхийг монгол ахуйгаас салгаж боломгүй юм. Тиймээс нутгийн иргэдийн монгол ахуй, аж амьдралыг байгалийн үзэсгэлэнтэй нь хослуулан гэрэл зурагтаа бас буулгахыг хичээсэн юм.


Энэ номд ан амьтан, шүтээн хайрхан, уул, ус, гээд таван бүлэгт 1000 орчим гэрэл зураг орсон. Гэрэл зураг бол түүх юм гэж номыг бүтээгч нэмж дуулгав.


Ембүүмандал сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны 19 сумын нэг байсан. 1942 онд засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Эрдэна уул, Цогт багуудыг Ембүүмандал сумтай нэгтгэн Завханмандал сум болгосон түүхтэй. Одоо тус сум нь Мандал, Олон булаг, Олон түрүү, Нуга гэсэн дөрвөн багтай. Алаг адуун, Баатад, Сартуул, Барга, Булган, Буудай, Хөтчин, Есөнтайж, Долоонтайж, Цөхүр, Хашигийнхан, Хунтайжийнхан, Долооныхон, Урианхан, Бөөчүүд, Хатиган, Хороо, Чангалынхан, Ембүү мандал овгуудын 1300 гаруй иргэн амьдарч байна. Далайн түвшнээс дээш 1256-3266 м өргөгдсөн, 3.6 мянган км² газар нутагтай. Говь хээрийн талархаг бүсэд оршдог, сумын төв нь аймгийн төв, Улиастайгаас 167 км зайд оршдог. 


Связанные новости