ЗАВХАН: Мал амьтны эмчилгээний үнэ тарифыг өөрчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-27 09:34:47

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймагт орон нутгийн төсвөөс санхүүждэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф шинэчлэн тогтоох төслийн хэлэлцүүлэг болж 40 гаруй иргэн оролцжээ.


Хэлэлцүүлэгт Улиастай, Алдархаан, Цагаанхайрхан, Яруу сумын малчин, мал бүхий иргэд, мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон байна.  


Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн ИТХ батална” гэж заасан.


Уг тарифыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталж байсан бөгөөд сүүлийн 8 жилийн хугацаанд шинэчлэн батлаагүй байна.


Тиймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран “Орон нутгийн төсвөөс санхүүждэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф шинэчлэн тогтоох” төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний өөрчлөлтийн саналыг гаргасан байна. Аймгийн Мал эмнэлгийн газраас бод, гахай, нохойны тарилгын тарифыг 1500, бог малын тарилгын тарифыг 750 төгрөг байхаар хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.


Хэлэлцүүлэгт оролцогчдын саналаар бод, гахай, нохойны тарилгын тарифыг 1500, бог малын тарилгын тарифыг 1000 төгрөг байхаар санал гаргаж, саналын төслийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.


Бод малын арьсан дор болон булчинд тарилга хийхэд хуучин мөрдөгдөж байсан үнэ нь толгой тутамд 450 төгрөг байсан бол шинэчилсэн үнэлгээгээр 1500 төгрөг болж байна. Бог малынх хуучин мөрдөгдөж байсан үнэ нь толгой тутамд 250 төгрөг байсан бол шинэчилсэн үнэлгээгээр 750 төгрөг болж байна. Гахай нохойны арьсан дор болон булчинд тарилга хийхэд хуучин мөрдөгдөж байсан үнэ нь толгой тутамд 450 төгрөг байсан бол шинэчилсэн үнэлгээгээр 1500 төгрөг болж байна гэж Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.



Хэлэлцүүлэгт оролцогчид малын эрүүл мэнд, тарилга туулга, гэрийн тэжээвэр амьтдын эм хэрэгсэл,

тарилга, туулгын талаарх үйлчилгээ, чанар стандартын талаар ярилцжээ

Связанные новости