УВС: Нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-29 17:13:54

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойг угтан Улаангом хотын өнгө үзэмжийг сайжруулахаар хот тохижилтын ажилтнууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл завгүй ажиллаж байна.


Тухайлбал, аюулгүйн тойргуудад болон төв зам дагуу цэцэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам дагуу цэцэг, зүлэг тарих ажил ид өрнөж байна. Мөн гэрэлтүүлгийн шонгууд дээр цэцгийн савтай гоёлын цэцгүүдийг тарьж байршуулсан нь Улаангомын өнгө үзэмжийг улам нэмж байна.


Тэрчлэн авто зам дагуух цэвэрлэгээг тогтмол хийж байгаагаас гадна гэр хороолол, орон сууцны айл өрхүүдийн хог хаягдлыг байнга ачиж цэвэрлэж байна.


Хамгийн гол нь иргэд хог хаягдлаа хаа хамаагүй хаяхгүй байх, үхэр малаа хотын гудамж талбайд бэлчээхгүй байх тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа юм.






Связанные новости