УВС: Цогцолбор 1 дүгээр сургуулийн шинэ байрыг энэ оны сүүлчээр ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
                                                                    Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 3
/МОНЦАМЭ/. Увс аймгийн
Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 960 хүүхдийн суудалтай сургуулийн
барилгыг шинээр барьж байна.
Улаангом сумын ЕБ-ын Цогцолбор 1 дүгээр сургуулийн шинэ
хичээлийн байрыг улсын төсвийн 15.5 тэрбум төгрөгөөр барьж байгаа бөгөөд энэ
оны сүүлээр ашиглалтад оруулах юм. 
Барилга угсралтын ажлын
гүйцэтгэгчээр орон нутгийн “Арвижих Увс” ХХК ажиллаж байна. Харин зураг төслийг
Улаанбаатар хотын “Криетив монголиа” ХХК хийжээ. 
Одоогоор сургуулийн барилгын гадна нүүрэн талын металл фасад угсрах ажил,
спорт заалны металл фасадны ажил, дотор засал, тоноглолуудын холболтын ажлыг хийж байна. 
Барилга угсралтын ажилд аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга Т.Батбаяраар
ахлуулсан ажлын баг өнгөрсөн баасан гарагт хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хөдөлмөрийн
аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ил далд ажлын актыг тухай бүрд хяналтын
дотор баталгаажуулах, барилгад ашиглаж байгаа материалын шинжилгээний бичиг,
тохирлын гэрчилгээг талбайд байх бичиг баримтад хавсаргах зэрэг үүрэг даалгавар
өгсөн байна.
Улаангом сумын ЕБ-ын Цогцолбор 1-р сургууль нь Увс аймгийн ууган сургууль бөгөөд 50 гаруй жилийн түүхтэй хичээлийн байраа ийнхүү шинэчлэх гэж байна.

        Ulaanbaatar