“Сонгодог хөгжмийн үдэш” үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-18 16:15:45

Дорнод аймгийн “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театрын хамт олон энэ өдрүүдэд “Сонгодог хөгжмийн үдэш”-ийг ээлж дараатай зохион байгуулж байна.

“Classical music” хүндэтгэлийн тусгай тоглолтын анхны зочид нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, агентлаг хэлтсийн удирдлагууд байсан.

Энэ үдэш тус театрын Симфони оркестрынхон дэлхийн болон өөрийн орны ноён оргил болсон бүтээлүүдээс толилуулахын зэрэгцээ сонгодог хөгжмийн төрөл зүйл, үүсэл гарал, онцлогийг нэгбүрчлэн тайлбарлан танилцуулсан юм.

Дорнод аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд Сонгодог урлаг, яруу тунгалаг сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор дээрх тоглолтыг зохион байгуулж байна. Цаашид жирийн ард иргэд, төрийн ажилтнууд, бизнес эрхлэгчид гэхчлэн тусгай зочдод тоглолтоо үргэлжлүүлэн үзүүлэх юм гэж аймгийн ХДТ-ын дарга Л.Наранхүү ярьж байна.

Манай улсын хувьд өнгөрсөн зууны дунд үе тодруулбал, 1940 өөд оны үед Азийн орнуудаас хамгийн түрүүн дэлхийн сонгодогтой танилцаж байсан бол Дорнодынхны хувьд түүнээс гуч хүрэхгүй жилийн дараа Симфони оркестр байгуулагдаж өрнийн их соёлын үүдийг нээснээрээ бахархдаг. Энэ соёлыг анх Дорнодод “нутагшуулсан” хүн бол  Дорнод нутгийн уугуул Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой юм. Тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад хөгжмийн боловсрол эзэмшиж ирснээсээ хойш Симфони оркестрыг анх байгуулж эдүгээ 38 дахь жилдээ Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн тод илэрхийлэл болсон сонгодог хөгжмийн урлагийг үзэгч түмэндээ мэдрүүлж явна.

Дорнодын театрын тайзнаа одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн сонгодог сор болсон бүтээл болох Иохан Штраусын “Сарьсан багваахай” опереттаг тавьсан нь хөдөө орон нутгийн театруудаас анхных юм. Симфони оркестртой газарт энэ бүтээлийг тавих боломжтой гэнэ.

Тоглолтыг УГЗ В.Боролдой удирдаж, театрын залуу дарга өөрөө хөтөлж нэгэн үдэш үзэгчдийг сонгодог урлагийн хаан сэнтийд хөглөн заллаа.

                                                                                                            Б.Туяа 

Связанные новости