Буудлага спортын аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-07 12:05:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн буудлага спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж, Баян-Агт, Бугат, Булган, Бүрэгхангай, Орхон, Могод, Хангал сум, Орхон аймгийн 60 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэйчүүдээс урт бууны төрөлд сонирхогчдоос М.Дэмбэрэл, өсвөр үеийн ангилалд Э.Доржням, насанд хүрэгчдээс Б.Булгандаваа, гар бууны төрөлд өсвөр үеийн ангилалд н.Бөхбат, насанд хүрэгчдээс Х.Зоригт нар аваргаллаа. Эмэгтэйчүүдээс урт бууны төрөлд сонирхогчдоос Г.Гэрэлмаа, өсвөр үеийн ангилалд Г.Баярцэцэг, насанд хүрэгчдээс Х.Энхмаа, гар бууны төрөлд өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд М.Гангаанай түрүүллээ.

Энэ тэмцээнд буудлагын спортын мастер 5, зэрэгтэй тамирчин 16 оролцсон байна.

Буудлагын спорт сүүлийн жилүүдэд Булган аймагт амжилттай хөгжиж байгаа юм.

-Буудлагын спортын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа 9 удаа медальт байранд шалгарсан. 2010, 2012 онд улсын аварга боллоо. Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын 3 тамирчинтай баг түрүүлэхэд манай аймгийн Ш.Буянзаяа, Г.Буянбаатар нар оролцсон бахархалтай амжилт гаргалаа. Манай аймгийн тамирчдаас залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 8 хүрэл медаль хүртсэн гэж аймгийн БХТН-ийн дарга Г.Ганхуяг ярьлаа.

М.Батжаргал

Связанные новости