“Оюунлаг Булган” хөтөлбөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-07 15:19:59

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Оюунлаг Булган” хөтөлбөрийг баталлаа. Ирэх 3 жилд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шатрын спорт, “Ой тогтоолт”, “Мэтгэлцээн”-ий урлагийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Аймгийн төв номын сан нүүдлийн номын сангийн үйлчилгээг нийт суманд хүргэх, шатраар хичээлэгчдийн тоог нэмэгдүүлэх, компьютерийн шатрын программ, сум бүр сургагч багштай болох, “Ой тогтоолтын клуб” байгуулан 11270 хүүхэд сургах, ерөнхий боловсролын сургуулиудад “Мэтгэлцээний клуб” байгуулсан байх шалгуур үзүүлэлт тавьжээ.

“Шатар” хөтөлбөр хэрэгжүүлэн 1500 хүүхдийн тэмцээн зохион байгуулж, “Шатрын сурах бичиг” зохиож хэвлүүлэн сургалтад ашиглаж байгаа юм. “Илтгэгч, мэтгэлцэгчдийн холбоо” байгуулагдан мэтгэлцээний талаар цэгцтэй ойлголт авах эерэг хандлага төлөвшиж, өсвөрийн мэтгэлцэгчид уралдаан тэмцээнд амжилт гаргаж байна. Энэ  онд ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулагдсан Өсвөрийн мэтгэлцэгчдийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Хишиг-Өндөр сумын Г.Ганзориг, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Г.Буян-Ундрах ахлагчтай баг дэд байрыг эзэлсэн байна. Харин “Ой тогтоолтын клуб” байгуулагдаагүй, энэ чиглэлийн авьяас билгийг хөгжүүлэх талаар сураггүй байгаа аж.

М.Батжаргал

Связанные новости