Философийн хүрээлэн иргэдэд нээлттэй өнжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-15 16:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Философийн хүрээлэн өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түүхэн ололт амжилт болон хэтийн зорилтыг олон нийтэд танилцуулах, оюутан залуучуудад эрдэм шинжилгээний ажлын онцлог, ач холбогдлыг сурталчлах зорилгоор иргэдэд нээлттэй ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр тус хүрээлэнгийн салбар бүр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, судалгааны чиглэл болон бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулснаас гадна хүрээлэнгийн түүхэн замналыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Мөн өдөрлөгийн үеэр хууль зүйн зөвлөгөөг өгч ажилласан юм.

ШУА-ийн Философийн хүрээлэн үүсэн байгуулагдсанаас хойш 46 дахь жилтэйгээ золгож байна. Түүхийн хүрээлэнгийн дэргэд 1966 онд “Философи, эрхийн тасаг” нэртэй анх гал голомтоо бадрааж, улмаар 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 192 дугаар тогтоолоор “Философи, социологи, эрхийн хүрээлэн” болж өргөжсөнөөр Монголд анх удаа философи, нийгэм судлал, улс төр, эрх зүйн судалгааг нэгдмэл бүтэц, зохион байгуулалтын түвшинд цогц байдлаар хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна. Энэ хугацаанд Философийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон монголын болон өрнө, дорнын философи, философийн сэтгэлгээ хийгээд социологи, улс төр судлал, шашин судлал, хууль эрх зүйн тулгуур асуудлаар өргөн хүрээтэй судалгаа эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлжээ. 2000 оны дунд үеэс өдгөө хүртэл 30 гаруй суурь судалгааны төслийг хэрэгжүүлсний үр дүнд 100 гаруй хамтын болон нэг сэдэвт бүтээлийг туурвин гаргажээ. Мөн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Польш, Унгар, Белорусь, Англи зэрэг орны ижил төстэй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ