Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-10 13:04:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн тухай тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэв. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас өнгөрсөн сарын 13-нд баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд энэ сарын 3-нд хэсэгчлэн хориг тавьсан. Ингэхдээ, 2020-2024 онд хэрэгжих төслийн хэт их хөрөнгө оруулалт, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиар нэмсэн асуудал, ирээдүйн өв сангийн бие даасан, хараат бус байдал алдагдуулсан зэрэгт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригоос нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаас бусдыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.


Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригтой ижилхэн байр суурь илэрхийлж байсныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, "2020-2024 оны хөрөнгө оруулалтад түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, дахин төлөвлөхөд 539 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2021 онд нийт 7-8 обьектод 91.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ, Драмын театр, дуурийн театр, төв номын санд 2-3 тэрбум төгрөг л төсөвлөсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Үүнээс гадна цоо шинэ музей байгуулахаар их хэмжээний мөнгө төсөвлөж байгаатай санал нийлэхгүй байгаа" хэмээв. 


Мөн цалин нэмсэн ч инфляцийн түвшинтэй уялдуулсан нь бодит үр дүн биш гэдгийг онцлов. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, иргэдэд татварын дарамт үүсгэж буйд санал нийлэхгүй гэдгийг илэрхийллээ. Мөн тэрбээр, Ирээдүйн өв санд 900 гаруй тэрбум төгрөг цугларсныг дурдаад, 2015 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд, тус санг корпорацын хэлбэрт оруулах замаар бие даасан, хараат бус байхаар зохицуулсныг тэмдэглэв. Гэвч эрх баригчид эдийн засгийн таатай нөхцөлд Ирээдүйн өв санг корпорацийн хэлбэрт оруулах санаачилга гаргаагүй гэдгийг хэллээ. Хэрвээ энэ сан Засгийн газрын эрх мэдэлд очвол ард түмний өмчийн сан биш болно гэв. Тиймээс Ирээдүйн өв санг хараат бус байдалд нь эргэн шилжүүлэх нь зөв хэмээн үзэж Ерөнхийлөгчийн хоригийн дээрх заалтуудыг бүрэн дэмжихээр шийдвэрлэсэн хэмээлээ.

Холбоотой мэдээ