Баян-Өлгий аймагт гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-11 08:38:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль өнөөдөр 06.30 цагаас эхэллээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ажиллаж байна.

Дадлага сургуулийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалтыг өмнөх өдрүүдэд зохион байгуулсан. Мөн өчигдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулсан юм.

Баян-Өлгий аймаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс өндөрт оршдог, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна.

Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гол, усны осол, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж, 2017, 2018 онд Өлгий хотод үерийн гамшиг тохиосон.

Тийм учраас тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад энэ удаагийн дадлага сургуулийн зорилго оршиж байна.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 300 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байна 

Холбоотой мэдээ