“Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлтийн онцлох хэсгээс

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-11 15:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эв мөнхийн тусгаар Монгол” Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны онцлох хэсгүүдийг хүргэж байна.


Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлтэд төрийн хан хуурыг эгшиглүүллээ


Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залагдсан, хүндэт төрийн бэлгэдэл болсон Хан хуур хөгжмийг зөвхөн цагаан сарын шинийн нэгний өдөр төрийн хан хуурч эгшиглүүлж, хөг аялгууг нь тааруулдаг билээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд л залардаг энэхүү хөгжмийг түүний тэр тоот зарлигийн дагуу Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд эгшиглүүлж, түмэн олны сонорыг мялаалаа.

МУГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, өөрийн төрсөн хүү Ц.Соёл-Эрдэнэ, Ц.Мөнхболд, Жонон, Хөсөгтөн хамтлагийн хамтаар “Жонон хааны татлага”-ыг төрийн хан хуураар баясуулан цэнгүүлж, наадамчин олныг баясгасан түүхэн үйл явдал тохиолоо.

Нээлтийн ёслолд  дуулсан “12 хайрханы магтаал”-ыг С.Дулам болон Б.Чинбат нар зохиожээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах…”-аар тусгасан байдаг. Монгол улсын төрийн тахилгат хайрхануудыг таван жил тутамд тахих ёслолыг үйлддэг бөгөөд Монголчууд бид эрт үеэс дээдлэн иржээ.

Эв мөнхийн тусгаар Монгол нэрэн дор зохион байгуулж буй 2023 оны Үндэсний их баяр наадмаар анх удаа “12 хайрханы магтаал” тоглогдсон бөгөөд үгийг ШУ-ны Гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор С.Дулам, аяыг хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, МУГЗ Б.Чинбат нар зохиож ард түмэндээ хүргэлээ.


2023 оны үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд Мета домог зүйг шингээн найруулжээ

Мета домог зүй нь гэдэг бодит бус орчинд өнгөрсөн цаг хугацаанд, аль эсвэл ирээдүйд болох зүйлсийг урьдчилан таамаглаж, хүний нүдэнд дүрслэгдэхүйц болгох боломжтой аж. “Монголчууд бид өөрсдийн түүх, соёл уламжлал, үлгэр туульсаас Монгол утга санаа, агуулгыг харуулсан баатруудтай байх арвин сантай” хэмээн С.Дулам яриандаа дурдаж байжээ.

“Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлтэд мета домог зүй гэх агуулгыг шингээн ажилласан бөгөөд “бор, ногоон, шар, цэнхэр болон улаан” мета өвгөн хуурчид нь бүлэг хооронд холболтыг хийж хоёр чавхдаст, хосгүй олныг бишрүүлэх морин хуураараа наадамчдын сонорыг мялаалаа. Тус мета өвгөн морин хуурчдын өнгөний бэлгэдэл нь гал, газар, уул, ус, тэнгэрийг бэлгэдсэн бөгөөд мета өвгөн хуурчдад МУГЖ Л.Идэрбат, Ардын жүжигчин Ч.Батсайхан, СТА Д.Болд, МУГЖ Р.Амарбаяр нар тоглолоо.


“Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолд 1500 гаруй уран бүтээлчид оролцов

Наадмын нээлтийн үйл ажиллагаа нь тогтсон дэг, жаягийн дагуу үндэсний уламжлал, ёс заншлаа хүндэтгэн дээдэлсэн зохиол, агуулгатай байхын сацуу найруулгын багийн шинэлэг шийдэл, санааг шингээсэн байдаг. 120 минут үргэлжлэх нээлтийн үйл ажиллагаа нь бүх насны наадамчин олонд тохиромжтой урлаг соёлын үзүүлбэрүүдээр дүүрэн байсан ба эдгээр үзүүлбэрт мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчид, хувийн студи, продакшнийн хамтарсан нийт 1500 гаруй уран бүтээлчид оролцлоо. Нээлтийн  ажиллагааны хөтлөгчөөр Б.Отгон, Ч.Идэрчулуун, О.Оюун болон А.Миеэгомбо нар ажиллав.


120 морьтон үндэсний их баяр наадмын нээлтэд оролцов


Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагаанаас онцлох нэгэн зүйл бол Монгол түмний дээдлэн хүндэлдэг, салшгүй анд нөхөр болсон хүлэг морьд оролцсон явдал байлаа. Зүлэг ногоон талбайд Монголын үндэсний морьт харвааны холбоо болон Намнаа академийн 120 морьтон хурд, хүч, авхаалж самбааг харуулж оролцсоноор “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа түүхэн дэхь хамгийн олон морьтны үзүүлбэртэй наадам боллоо.


Наадмын талбайд дөрвөн хүчтэн залжээ

Монголчууд эрт үеэс эхлэн дөрвөн хүчтэнээр хүч чадал, шантаршгүй зориг, бат хамгаалалтыг бэлгэдэж ирсэн билээ. Тэнгэрийн хүчтэн луу, шувуудын хаан хангарьд, араатны хаан арслан, ойн буюу уулын эзэн бар нь төрийн их бэлгэдэл, сүм дуганы оройд байрлах нь элбэг. Тэнгэрийн амьтан болох луу, хангарьд, газрын хаад болох арслан, бар дөрөв хүчтэн нийлснээр дөрвөн зүгийг эрхшээж, Монгол орны өнцөг булан бүрийг бат хамгаалахыг бэлгэдэн “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны талбайд байршуулжээ.


Наадмын нээлтээр Чингис хааны эш хөрөг залах ёслол боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлигийг гаргасан билээ. Үүний дагуу Үндэсний их баяр наадмын нээлтэд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдлэн залж наадамчин олноо цэнгүүллээ.

Наадмын нээлтээр гал бадраах ёслол боллоо


Монгол наадмын сүр хүч, ёс заншил, соёл, түүхийн бэлгэдэл болсон гал бадраах ёслолоор нээлтийн хоёрдугаар үзэгдэл эхэллээ. Монголчууд галын дэргэд муу үйл хийдэггүй. Галаа “хар цагаан” хэл амнаас хамгаалдаг жаягтай. Галаа тойрон суухдаа монгол угсаатан бусармаг үг ч, дэвэргэн үг ч унагахыг тэвчин, зөвхөн зүрх сэтгэлдээ шүтэн залбирдаг ёсонтой билээ. Гал бадраах ёслолоор тусгаар тогтнолын суу бэлгэ, монгол бахархлын дүр төрх, цадиг түүхийн гайхамшиг бүхнийг харуулдаг үнэт соёл бидний дунд бий. Иймд сайн сайхныг бэлгэдэн үндэсний их баяр наадмын нээлтэд гал бадраах ёслолыг хийлээ.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа нийт 6 бүлгийн хүрээнд үргэлжиллээ



Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн “Эв мөнхийн тусгаар Монгол” Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэн харууллаа.

I бүлэг - Эв мөнхийн дуулал

II бүлэг - Хөлгөн туульс

III бүлэг - Их Монголын заяан цаг

IV бүлэг - Гурван цагийн нүүдэл

V бүлэг - Алтан тэвшийн хөг аялгуу

VI бүлэг - Дэлхийн Монгол

Нээлтийн үйл ажиллагааны I бүлэг - Эв мөнхийн дуулал

Монгол орны дөрвөн зүг найман зовхист орших төрийн тахилгат 12 хайрхнаа алдаршуулан аргадаж, сүр хүчээр бадраан тахих бол бидний өвөг дээдсийн хүчирхэгжин мандсан XIII зууны эв эеийг сахих сургаал нь Монголчуудын нийгэм, төрийн оршихуй, тэнгэрлэг зарчим төдийгүй хүний өөрийнх нь мөн чанартай холбогдож, нийгмийн нэгжээс эхлэн олон улсын хүрээнд байх ёстой зохистой хэм хэмжээ учирлан  “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн ардын зүйр цэцэн үгнээс улбаатай Алунгоо хатны эв эеийг сахих сургаал, “Монголын нууц товчоон”-д дурдсанчлан эв эеийг сахиж төгөлдөржин хүчирхэгжихийг бэлгэдэх, эвлэлдэн нэгдсэн ард түмэн гэх утга санааг илэрхийлжээ.

 Энэхүү уул хайрхдын магтуу шинэ дуу нь төрийн тахилгатай Бурхан халдун, Хан Хөхүй, Отгонтэнгэр, Суварга хайрхан, Сутай хайрхан, Алтан хөхий, Алтайн таван Богд, Сутай хайрхан, Их Богд, Ноён уул, Говь гурван сайхан, Алтан овоо хайрхдад зориулсан этник магтлага дуу байх бөгөөд тухайн 12 нутаг усны онцлог хөгжмийн зэмсгийг шингээн багтаасан байна. Тус 12 хайрханы магтуу дууг анх удаа “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадамд тоглосон бөгөөд үгийг ШУ-ны Гавъяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор С.Дулам, аяыг хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, МУГЗ Б.Чинбат нар зохиож ард түмэндээ хүргэлээ. Тус хэсэгт Жонон хамтлаг, Хөсөгтөн хамтлаг, Түмэн эх чуулга, Монголиан энтертайнментын уран бүтээлчид, цэргийн албан хаагчид болон аймгуудын соёлын өвийг тээгчид олны хэсэгт оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны II бүлэг - Хөлгөн туульс

Эцэг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бидний үнэт өв, бахархалт дүр төрх, түүхийн гайхамшиг, нүүдэлчдийн хосгүй хувь тавилан, бусдаас ялгарах ялгамж бүхнийг алдаршуулан бадрааж бахархуулан сэрээв. Хоёрдугаар бүлгийн нэр нь “Хөлгөн туульс” бөгөөд Монгол түмний байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцэн мөнхөд амьдрах гүн утга агуулга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд их түүх соёл уламжлалаа үл мартан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго дор дэлхийд ганцхан наран дор баярлан наадах “Эрийн гурван наадмаа” хийж бахархал омогшлоо бадрааж, нэг үндэстэн нэгэн цул гэсэн нэгдмэл сэтгэлгээний чанар бий болгож түүнээс оюун санааны эрч хүч, энергийн төвлөрөл авч дараа жилийн наадам хүртэл хүн ардын бие бялдар хүчирхэг бат бөх, холч мэргэн ухааны охь, бодол санаа тэнүүн, хурдан шаламгай, туйлдашгүй хүчтэй байхыг бэлгэдэл болдог юм гэсэн санааг  жүжиг доторх жүжиг гэсэн найруулга уран сайхны аргаар үзүүлэв.

Тус бүлэгт 9 өрлөг баатар голлон оролцож гал бадраах ёслол болон Чингис хааны эш хөрөгийг залах ёслолд УДЭТ-ын жүжигчид болон ЦДБЭЧ, ХЦДБЧ, Сүлд, Соёмбо чуулга, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Бадмаараг ахлах сургууль, болон Монголиан энтертайнментsн хамт олон оролцлоо. Мөн дуучин Big Gee морьтон баатруудын хамтаар “Хамаг Монгол” нэртэй дуугаар наадамчин олноо цэнгүүлt.. Морьтон баатруудад Монголын Үндэсний Морьт Харвааны Холбоо оролцон тоглолоо.

Нээлтийн үйл ажиллагааны III бүлэг - Их Монголын заяан цаг

Ардын жүжигчин, Морин хуурч Ч.Батсайхан 3-р бүлэг буюу “Их Монголын заяан цаг” бүлгийг морин хуураар эхлүүллээ. Тус бүлэг монгол түмний байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцэн мөнхөд амьдрах гүн утга агуулга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд их түүх соёл уламжлалаа үл мартан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго дор дэлхийд ганцхан наран дор баярлан наадах “Эрийн гурван наадам” хийж бахархал омогшлоо бадрааж, нэг үндэстэн нэгэн цул гэсэн нэгдмэл сэтгэлгээний чанар бий болгож түүнээс оюун санааны эрч хүч, энергийн төвлөрөл бий болж дараа жилийн наадам хүртэл хүн ардын бие бялдар хүчирхэг бат бөх, холч мэргэн ухааны охь, бодол санаа тэнүүн, хурдан шаламгай, туйлдашгүй хүчтэй байхыг бэлгэдэл болдог юм гэсэн бэлгэдлийг харууллаа.


УҮИТ-ын гоцлол дуучин, уртын дууч, МУСТА Ц.Түмэнжаргал “Уяхан замба тивийн наран”, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн “Их Монголын цэц”, МУГЖ дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул”, СТА Б.Маралжингоо, Э.Агиймаа, СТА Т.Ганбаатар, Наки нар “Хээрийн салхитай аялгуу” дуугаар наадамчин олондоо мэндчиллээ.

Мөн онцлоход наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулж Харанга хамтлагийн гитарчин Ц.Чулуунбатын ая, яруу найрагч Ч.Чагнаадоржын шүлгээр хүчит бөхчүүдээ магтан дуулсан “Харьшгүй хүчтэнүүд” дууг зохиож СТА Э.Төрмандах дуулж наадамчин олныг цэнгүүллээ. Ташрамд дурдахад Ц.Чулуунбат “Толин хул” болон “Их Монголын цэц” дууны ая зохиогч бөгөөд хурдан морь, сур харваа, бөх гэсэн эрийн гурван наадмын бүхий л төрлийн тухай дуутай болсноороо онцлог юм.

Нээлтийн үйл ажиллагааны IV бүлэг-Гурван цагийн нүүдэл

Бидний угсаатан, ястны түүх уламжлал, зан заншил, өв соёлын утга чанар үндэстний онцлог, нэгдмэл чанар зэргийг товойлгон үзүүлж, цаад агуулгаараа нүүдэлчин удмынхны тэмцэл ялалт, оршин тогтнохын үндэс суурь, ирээдүйн зүй тогтол, хөгжил хөдөлгөөнийг өнөө цагийн нүдээр харж, өргөн утгаараа уламжлал шинэчлэлийг Ардын дууны далд гүнзгий утга санааг бүжиг, зан үйл, түүхэн үйл явцтай хослуулан харуулах зорилго, санааг агуулсан билээ.

Тус бүлгийг морин хуурч СТА Д.Болд нээж, ардын дуучин СТА Д.Бурмаа “Дөрвөн уул”, уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар “Соёл-Эрдэнэ”, МУГЖ Г.Энхбаатар, СТА Д.Бурмаа, МУГЖ Б.Мөнхбаатар нар хамтран “Баян Монгол” болон Quiza, Т.Баатар нар өөрсдийн шинэхэн дуугаа сонордууллаа.

Энэ бүлэгт дүрсэлж буй их нүүдэлд УДЭТ, Сүлд чуулга, ҮУИТ, Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдийн нэгдсэн холбоо, Бадмаараг ахлах сургууль, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, МХО-ны Бүжгийн анги, Номадик Монголиа, Улаанбаатар театр, Түмэн эх чуулга, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Соёмбо чуулгын хамт олон оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны V бүлэг - Алтан тэвшийн хөг аялгуу

Бидний соёл, уламжлал, монголчууд бидний туулж ирсэн зам мөрийг сануулан, түүхийн хэлхээг урлагаар илэрхийлсэн тавдугаар бүлгийн нэр нь “Алтан тэвшийн хөг аялгуу” байлаа.

XXI зууны залуус гадны соёлыг даган бишрэхээс илүүтэй дэлхийн хаана ч үгүй өөрсдийн түүх, өв соёл, зан заншил, үнэт зүйл, үндэсний онцлогийг урлагаар дамжуулан орчин үеийн техник технологитой хоршуулж хамтатгаж чадваас дэлхийн бүх оронд эх орноо сурталчлан таниулж байлдан дагуулах дундаршгүй өв их эрдэнэ буйг мэдрүүлэх явдал билээ.

Энэхүү бүлэг ХХ-XXI зууны орчин үеийн хөгжмийн хөгжил, дэвшлийн тухай өгүүлэв. Үндсэн санаа нь олон улсад өөрсдийн уламжлалт аялгуу, хэв шинжид шингээн төгөлдөржүүлж, төрөл зүйлд хувирган, урсгал чиглэл, онцлогийг харуулна. Монгол гэдэг нэрийн дор дэлхийд гарах зорилго өвөртөлж нэгэн зүгт харж нэгдэж чадваас “Эвийн хүчээр мөнхөд тусгаар орших Монгол”  учраас  урлагаар дамжуулан дэлхийн улс орнуудыг морин хуурын хоёр чавхдасаар уярааж чадах ард түмэн гэдгийг дахин сануулахыг зорьжээ. 

Алтан тэвшийн хөг аялгуу бүлгийг морин хуурч МУГЖ Р.Амарбаяр эхлүүлэн, “Цэнгэлтэй үдэш”, “Такси цоохор машин”, “Аяны шувууд”, “Зуслангийн уянга”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хүүш Дамдин”, “Угталтын дуу”, “Дурсамж”, “Шар цэцэг” зэрэг урлагийн түүхэнд тодхон үлдсэн эстрадын дуунууд, хөгжмийн ертөнцөд шинэ салхи татуулсан “Зүүд”, “Чимээгүй ирэх дурлал”, “Чингис хаан”, “Хос хунгийн дууль”, “Титэм”, “Хархорин”, “Блью Жийнс” болон “Аз жаргал хүсье”, орчин үеийн урлагийг доргиосон “18 нас”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Санахын аялгуу”, “Харанхуй руу” "Happy woman", одоо цагийн залуусыг байлдан дагуулсан “Hood”, “Нисээрэй”, “Бий биелгээ”, “Монгол swag” болон “Наадъя” зэрэг дууны цомирлигийг наадамчин олонд хүргэлээ. Тус бүлэгт УДЭТ, УДБЭТ, Монголиан энтертайнмент, Эпик энтертайнмент, Монгол донж, Огторгуйн биелгээ, Sun dance, Moon dance, Хос уянга, Хатан туул, СУИС-ийн Театр урлагийн сургууль, Хүүхэлдэйн театр, Ретро клуб болон Skulls MC мото клубийнхан оролцлоо.

Энэ жилийн наадмын нээлтэд залуу уран бүтээлчдийн төлөөлөл Big Gee, Young Mo’G, Б.Маралжингоо, Э.Агиймаа, Т.Ганбаатар, Наки, Quiza, Т.Баатар нар оролцов.

Нээлтийн үйл ажиллагааны VI бүлэг - Дэлхийн Монгол

Энэхүү хэсгээр дэлхийн хөгжил дэвшил, цаг хугацаа дунд өнөөдөртэй мөр зэрэгцэн оршин буй, Монгол ёс заншил, ёс жудаг, эрхэмсэг амьдралын баялаг сайхан уламжлал, түүний мөн чанарыг ойлгуулан таниулахаар Дэлхийн бүхий л улс үндэстэнд дэлгэсэн тэрлэг шиг газар нутгаа дэлгэн нээж хүндэтгэн угтаж буйг илэрхийлэн үзүүлэхийг зорьжээ.  

Нүүдэлчин соёлын эрхэмсэг оршихуй болсон дөрвөн улирлын дундах аж амьдрал, соёл түүхийн түүчээ, хүн ардын баатарлаг намтар, өв дурсгалт газар нутаг, онгон дагшин байгальдаа хүн ард зон олноороо алд цэнхэр хадгаа дэлгэж амар мэндийг ирэн мэндчилэн угтах Монгол Улсыг дэлхийн бүх оронд зарлан тунхаглалаа. Энэ бүлгийг морин хуурч М.Бүргэдбаатар эхлүүлж, бяцхан хийлч Г.Гансүлд дуучин МУГЖ Ө.Уянга, СТА Э.Отгонжаргал, СТА Б.Монголхүү, СТА Б.Дэлгэрбаяр нарын хамт “Зөвхөн Монголдоо” дуугаараа наадамчин олныг баясган, алдарт Харанга хамтлагийн “Монгол” дуугаар ийнхүү наадмын нээлтийн үйл ажиллагааг өндөрлүүлсэн юм. 




Холбоотой мэдээ