Орос, Беларусийн усан спортын тамирчдад тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-06 13:39:06

ЛОЗАНН. /Reuters/. Дэлхийн усан спортын холбооны тэмцээн уралдаануудад улс орныхоо нэрийн өмнөөс бус харин бие даан оролцохыг Орос, Беларусийн тамирчдад зөвшөөрнө гэж тус холбооны удирдах зөвлөл даваа гарагт мэдэгджээ. 


Ингэхдээ зөвхөн нэг тамирчныг “бие даасан статустайгаар” оролцуулахыг зөвшөөрөх бөгөөд Усан спортын шударга байдлын үнэлгээний албанаас тогтоосон хатуу шалгуурыг хангах ёстой.


2022 оны хоёрдугаар сард Орос улс Украин руу довтолсны дараа /Москвагийн зүгээс “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэдэг/ тус хоёр улсын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон юм


“Манай холбоо тамирчдын хичээл зүтгэл, тууштай байдал, авъяас чадварыг үндэс угсааг нь харгалзахгүйгээр үнэлдэг гэж Дэлхийн усан спортын холбооны ерөнхийлөгч Хусеин Аль Мусаллам мэдэгджээ.


Олон улсын тавцанд тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бид өрсөлдөгч бүрт өөрийгөө сорих боломжтой, шударга, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрөх шалгуурыг Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу дөрөвдүгээр сард дээрх байгууллагаас байгуулсан тусгай ажлын хэсэг тогтоожээ.




Холбоотой мэдээ