ГОВЬ-АЛТАЙ: Андгай өргөх ёслолд 120 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-27 15:33:06

Есөнбулаг, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын "Иргэний андгай өргөх" ёслолын ажиллагаа боллоо.


Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 99 жилийн ой 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиож, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.


Иргэний андгай өргөх ёслолд 16 настнуудын төлөөлөл болох 7 сургуулийн 120 гаруй сурагч бүртгүүлэн оролцож “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авсан тухай тус аймгийн Гэх бүл, хүүхэд, залуус хөгжлийн газраас мэдээлэв.


Түүнчлэн ёслолын ажиллагааны хүндэт зочид болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хагжлийн газрын дарга Б.Алтайбаатар, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Чүлтэмжамц нар эх орон, тусгаар тогнолын үнэ цэнийг ойлгуулах, эерэг хандлага, сэтгэлгээнд уриалах урам зориг, итгэл, эрч хүч өгөх зорилгоор оролцогч сурагчдад хандаж үг хэлж, “Батламж” гардуулан баяр хүргэсэн юм.


Энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр гардан авч, Бүрэн эрхт Монгол Улсын иргэн болсноо ёсолсон залуусдаа баяр хүргэж, хамтран зохион байгуулсан байгууллагуудын удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.


Холбоотой мэдээ