Японы хамгийн өндөр барилга ашиглалтад оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-24 17:45:04

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /Kyodo/. Токио хотын төвд өнөөдөр Японы хамгийн өндөр буюу 330 метр өндөр тэнгэр баганадсан барилга нээгдэж, хотын оршин суугчид ба жуулчид нийслэлийн шинэ дурсгалт газрын талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. 


Жил бүр 30 сая орчим хүн Azabudai Hills Mori JP Tower цамхаг болон түүний эргэн тойрон дахь байгууламжуудыг үзэж сонирхох төлөвтэй байна гэж Mori Building” компани мэдээллээ. Тус компани 640 тэрбум иений /4.3 тэрбум ам.доллар/ өртгөөр уг цогцолборыг босгожээ


5-52 давхарт нь оффисууд байрлах энэхүү 64 давхар цамхаг нь хамгийн өндөрт тооцогдож байсан Осака хот дахь Abeno Harukas”-аас 30 метрээр өндөр бөгөөд 333 метр өндөр Tokyo Tower” телевизийн цамхагтай бараг чацуу юм.


Энэхүү барилга нь Azabudai Hills цогцолборын гол байгууламж бөгөөд тус цогцолбор нь ногоон байгууламж ихтэй, Aman Resorts” компанийн дээд зэрэглэлийн зочид буудлын 122 өрөө, мөн 1400 айлын орон сууц, өндөр зэрэглэлийн зоогийн газрууд, тансаг дэлгүүрүүд, teamLab-ийн дижитал урлагийн музей, Британийн сургууль байрладаг ажээ.


Осака мужаас уг цогцолборт зочилж ирсэн 50 гаруй насны нэгэн эмэгтэй сэтгэгдлээ хуваалцахдаа Abeno Harukas”-аас өндөр байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг дурдаад жуулчдын сонирхлыг татахуйц газрууд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг гэсэн байна.


Энэхүү төслийн зорилго нь газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд байнга өртдөг жижиг модон байшингууд ихтэй байсан газрыг шинэчлэн сэргээн босгох явдал юм. “Орчин үеийн хотын тосгон гэгдэх 8.1 га талбай бүхий цогцолборын нийт талбайн 30 орчим хувийг ногоон байгууламж эзэлж байна.

Холбоотой мэдээ