Диана гүнжийн даашинз дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-12-19 12:14:21

ЛОС-АНЖЕЛЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /CNN/. Диана гүнжийн 1985 онд анх өмсөж байсан даашинз дуудлага худалдаагаар 1.148 сая ам.доллароор зарагдсанаар дээд амжилт тогтоожээ. Энэ нь шинжээчдийн үнэлж байснаас 11 дахин өндөр үнэ юм.


Лос-Анжелес хот дахь Julien's Auctions дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, Марокко-Британийн загвар зохион бүтээгч Жак Азагуригийн урласан цэнхэр, хар өнгийн даашинз нь гүнжийн өмсөж байсан даашинзнуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ ажээ. Өмнө нь түүний даашинз хамгийн дээд тал нь 604 мянга гаруй ам.долларын үнээр зарагдаж байжээ.


Оддын хатгамал бүхий хар хилэн даашинзыг Диана гүнж 1985 оны дөрөвдүгээр сард Италийн Флоренц хотод, 1986 оны тавдугаар сард Канадын Ванкуверт өмсөж байжээ. Уг даашинзыг Julien's Auctions ордонд зохион байгуулсан “Hollywood Legends” нэртэй дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан байна.


Уг дуудлага худалдаанд мөн Дианагийн 1981 онд сүй тавьснаа тохиолдуулан гэрэл зураг авхуулахдаа өмсөж байсан ягаан өнгийн цамцыг оруулсан нь шинжээчдийн үнэлгээнээс бараг дөрөв дахин их буюу 381 мянган доллароор зарагджээ.


Ташрамд дурдахад, энэ оны эхээр Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар хонины зурагтай Дианагийн ноосон цамц 1.143 сая долларын үнэ хүрснээр дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй ноосон цамц болсноос гадна гүнжийн хувцаснуудын дотроос хамгийн өндөр үнээр зарагдсан юм. Диана 1981 онд тухайн үеийн Их Британийн хаан ширээг залгамжлагч Чарльзтай сүй тавиад байх үедээ уг цамцыг өмсөж байсан билээ.

Холбоотой мэдээ