СҮХБААТАР: МСУХ-ны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-25 12:39:08

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Жавхлант Шарга морин спорт уяачдын холбоо нь Монголын морин спорт уяачдын холбооны оны шилдгүүд шалгаруулах журмын дагуу Сүхбаатар аймгийн 2023 оны шилдгүүдийг шалгаруулжээ.

 

Дээрх журмын дагуу салбар холбоодоос ирүүлсэн материал дээр үндэслэн оны шилдэг уяач, оны шилдэг уралдаанч хүүхэд, оны шилдэг зургаан насны хүлгийг шалгаруулсан байна.


 

Оны шилдэг азаргаар, Асгат сумын алдарт уяач Э.Чулуунбаатарын хүрэн халзан азарга /аймгийн баяр наадмын түрүү, Алтан овооны их тахилга наадамд айргийн гурав/, оны шилдэг их нас М.Төртүвшингийн хонгор морь /Алтан овооны их тахилга наадмын түрүү, Мөнххаан сумын 100 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүү/, оны шилдэг соёолон Түвшинширээ сумын аймгийн алдарт уяач Х.Ганбаатарын хонгор соёолон /Хэнтий аймгийн 100 жил, Зүүн бүсийн хурд наадамд айргийн дөрөв, Жавхлант шарга наадмын аман хүзүү/, оны шилдэг хязаалан Халзан сум Х.Хүрэлбаатарын хээр хязаалан /аймгийн баяр наадамд түрүү магнай, оны шилдэг шүдлэн/, Монгол Улсын алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн хүрэн шүдлэн /аймгийн баяр наадам болон Алтан овооны их тахилга наадам аман хүзүү/, оны шилдэг даага Баруун-Урт сум Б.Гөлөгсайханы хар даага /Үндэсний их баяр наадамд айргийн гурав/ тус тус шилдгээр шалгарчээ.


 

Оны шилдэг уяачаар аймгийн алдарт уяач У.Тамир, Д.Дагвадорж болон Т.Шинэбаяр Л.Жаргалсайхан нар мөн оны шилдэг уралдаанч хүүхдээр таван хүүхдийг шалгаруулсан байна. 

Холбоотой мэдээ