СЭЛЭНГЭ: Төсөв бүрдүүлэлтийг 124 хувь давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-01 12:25:22

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг улсад 79 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсөв бүрдүүлэлтээ 124 хувь давуулан биелүүлсэн байна. Тус аймгийн Татварын хэлтсийн дарга Ц.Лхагвадоржтой ярилцлаа.


-2023 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн танай хамт олонд баяр хүргэе. Сэлэнгэ аймаг улсын төсөв бүрдүүлэхэд оролцдог гэдгээрээ онцогтой. Өнгөрсөн жилийн амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Манай Татварын хэлтэс 2023 онд амжилттай ажиллалаа. Улс, орон нутгийн төсвийн орлого 59 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 79 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Ингээд улс, орны төсвийн орлогын төлөвлөгөөг 123 хувиар давуулан биелүүллээ.  


-Татварын байгууллагын 2023 оны онцлох ажлууд юу байв?

-Монголын татварын алба 100 хувь цахимд шилжсэн. Энэ цахимд шилжилтийн орон зай, цаг хугацаанаас үл хамааран татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсон.

Татвар төлөгчдөд цахим үйлчилгээний талаарх мэдээллийг цахимаар болон танхимаар тогтмол хийж ажилласны үр дүнд татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд дөхөм боллоо.


-Татвар төвлөрүүлэхэд ямар салбар хамгийн өндөр оролцоотой ажиллаж байна вэ?

-Манай аймгийн хувьд газар тариалангийн салбар гол үйл ажиллагааг түшиж явуулдаг аймаг. Мөн уул уурхайн салбар их татвар бүрдүүлдэг. Тухайлбал “Бороо гоулд”, “Болд төмөр Ерөө гол” компаниуд байна.


-Энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Бид 2024 оны ажлын төлөвлөгөөгөө гаргасан. 2023 онд 59 тэрбум төгрөгөөр улс, орны татварын орлогыг бүрдүүлэх байсан. Харин энэ 2024 онд 79 тэрбум төгрөг бүрдүүлэхээр төлөвлөн ажлаа эхлээд байна.  


-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ