СЭЛЭНГЭ: Улсын аварга тариаланч П.Баянмөнх 750 га талбайгаас 1492.5 тн улаанбуудай хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-07 10:34:09

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх "Улсын аварга тариаланч" болж шагналаа гардан авлаа.


П.Баянмөнх  2001 оноос эхлэн газар тариалангийн компанитай ажил амьдралаа холбожээ.


Тэрбээр техник технологийн дэвшил болсон “жонн дээрий” трактораар хаврын тариалалтыг технологийн хугацаанд нь гологдолгүй, үрийн норм, гүний тохиргоог агротехникийн зааврын дагуу хийдэг байна.


Мөн зун тарианы хор, уринш боловсруулалтыг чанартай хийж, намрын тариа хураалтад хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, жил бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсээр иржээ.


Монгол Улсын аварга П.Баянмөнх хэлэхдээ, “Механикжуулагч хүн газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг нарийн чанд мөрдөн ажиллах хэрэгтэй.


Мөн үрэлгээг чанартай сайн хийснээр ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлэн улмаар эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэн ажиллах боломжтой байдаг. Би энэ л зарчмаар ажилласаар ирсэн. Одоо ч түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа.


Би өнгөрсөн онд трактораар 770 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 750 га талбайгаас 1492.5 тн улаанбуудай хураан авсан” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ