Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явах нь тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-02-16 10:41:48

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 16 /TASS/. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Килиан Мбаппе энэ улирлын төгсгөлд "Пари Сен-Жермен" клубээс явахаар шийдсэн тухай RMC Sport агентлаг мэдээлжээ. 


Тэрбээр клубийн ерөнхийлөгч Нассер аль-Хелайфид өөрийн гаргасан шийдвэрийн талаар мэдэгдсэн байна. 


ПСЖ-тэй байгуулсан Мбаппегийн гэрээний хугацаа энэ зун дуусах тул тэрбээр чөлөөт агентийн хувиар багаасаа явна. Гэхдээ түүнийг багаа орхисонтой холбоотойгоор ПСЖ-д учирч буй санхүүгийн алдагдлыг өнгөрсөн зун хийсэн тохиролцооны дагуу багасгаж, тоглогч явсан тохиолдолд 60-70 сая еврогийн урамшууллаас татгалзах тухай заалтыг гэрээнд оруулжээ.


Үүний сацуу ид үедээ байгаа 25 настай хөлбөмбөгчин яг хаашаа явахаа хараахан шийдээгүй байна. Түүнийг Испанийн “Реал Мадрид” баг руу шилжинэ гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч одоогоор тодорхой мэдээлэл алга. 


Мбаппе 2017 оноос хойш ПСЖ-д тоглож байгаа бөгөөд “Монако” клубээс шилжиж ирсэн юм. Тэрбээр уржигдар болсон Аваргуудын лигийн 1/8 шигшээд Испанийн “Реал Сосьедад” багтай (2:0) хийсэн тоглолтыг оруулаад нийт 290 тоглолтод 243 гоол, тэдгээрийн дотор Аваргуудын лигт 38 гоол хийсэн нь ПСЖ-гийн хувьд түүхэн дээд амжилт юм. 


Мбаппе сүүлийн үед ПСЖ-г орхисон гурав дахь од болж байна. Өнгөрсөн онд Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси, Бразилын довтлогч Неймар нар мөн тус багаас явсан билээ. 

Холбоотой мэдээ