Кубын талд тагнуул хийсэн Америкийн дипломатч гэм буруугаа хүлээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-01 16:33:13

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 1 /CNN/. Кубын талд тагнуул хийсэн гэх хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын Боливи дахь Элчин сайд асан Мануэль Роча гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 


Өдгөө 73 настай М.Рочаг "гадаадын тагнуулаар ажилласан", "мөрдөн байцаагчдад худал мэдүүлэг өгсөн" зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Прокурорууд түүнийг хэдэн арван жилийн турш Кубын тагнуулын албаны нууц төлөөлөгч-ийн үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байна.


М.Роча энэ сарын эхээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байсан бол пүрэв гарагт Майамид болсон шүүхийн сонсголын үеэр “шүүгдэгч өмнө нь хийсэн мэдэгдлээ өөрчлөхөөр” шийджээ. Шүүхийн тэмдэглэлд М.Роча ямар хэрэгт гэм буруутай хүлээхээр төлөвлөж байгаа талаар дурдсангүй. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 12-нд болох шүүх хуралдаанд дахин ирэх ёстой.


М.Роча 2000-2002 онд Боливи дахь АНУ-ын Элчин сайдаар, 1990-ээд онд Куба дахь АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлөх газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Тэрбээр мөн 1980-аад онд Доминикан дахь АНУ-ын Элчин сайдын яам, Итали дахь АНУ-ын Консулын газарт ажиллаж байсан бөгөөд Мексик, Аргентин дахь АНУ-ын Элчин сайдын яаманд янз бүрийн албан тушаал хашиж байв.


Доминикан дахь АНУ-ын ЭСЯ-нд улс төрийн ажилтан байсан нь түүнийг Кубын талд онцгой үүрэг” гүйцэтгэхэд нөлөөлсөн гэж прокурорууд үзэж байна. Кубын тагнуулын ажилтны дүрд хувирсан Холбооны мөрдөх товчооны нууц ажилтантай хэд хэдэн удаа уулзах үеэрээ М.Роча АНУ-ыг дайсан хэмээн тодорхойлж, Кубын хувьсгалч, улстөрч Фидель Кастрог магтан сайшааж байсан гэдгийг шүүхийн баримтуудад дурджээ.

 



Холбоотой мэдээ