Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-04 15:54:37

НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны үнэ нэмэгдэж байгаа энэ үед АНУ болон Барууны бусад оронд хаагаад байсан уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ.  


Тухайлбал, Америкийн уул уурхайн таван компани Ваймонг, Техас, Аризона, Юта муж улсууд дахь ураны уурхайнуудаа ажиллуулж эхэлсэн байна. Эдгээр муж улс дахь ихэнх уурхайг 2011 онд Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарч, улмаар ураны үнэ огцом унаж, олон уурхайн үйл ажиллагаа ашиггүй болсны дараа хаасан юм.


Харин эдүгээ засгийн газрууд агаар мандалд хортой бодисын ялгаруулалтыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд цөмийн эрчим хүчийг илүү их сонирхох болоод байгаа нь ураны үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурав дахин нэмэгджээ. 


АНУ-аас гадна, дэлхийн ураны олборлолтын бараг гуравны хоёрыг бүрдүүлдэг Канад, Австрали, Казахстан улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн таамаглалаар, 2040 он гэхэд ураны эрэлт 100 мянган тонн болж нэмэгдэх төлөвтэй байгаа нь энэ үед олборлолтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. 


Америкт өмнө нь хаагаад байсан ураны уурхайнуудыг дахин нээснээр таван жилийн өмнө үгүй болохын ирмэгт тулаад байсан ураны олборлолтын салбар дахин сэргэнэ гэж шинжээчид үзэж байна. Тус улсад 2019 онд ураны олборлолт 78.9 тонн буюу хамгийн доод түвшиндээ хүрч байсан бол олборлолтын түүхэн дээд хэмжээ 1980 онд бүртгэгдэж байсан ба тухайн үед 19 900 гаруй тонн уран олборложээ. 

Холбоотой мэдээ