“Аль-Хиляль” клуб дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-03-13 17:07:50

ЖИДДА, 2024 оны гуравдугаар сарын 13 /BBC/. Саудын Арабын “Аль-Хиляль” клуб хамгийн олон удаа дараалан хожсон дээд дивизионы баг болж дэлхийн дээд амжилт тогтоожээ.


Мягмар гарагт Азийн Аваргуудын лигийн тоглолтод “Аль-Иттихад” багийг 2:0 харьцаагаар буулган авснаар “Аль-Хиляль” 28 дахь дараалсан хожлоо авчээ. Ингэснээр Уэльсийн “Нью-Сейнтс” багийн 2016 онд тогтоосон амжилтыг /27/ эвдсэн байна.


“Фулхэм”-ийн довтлогч асан Александр Митрович тэргүүтэй хөлбөмбөгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Аль-Хиляль” клуб өнгөрсөн есдүгээр сарын 21-нд “Дамак”-тай хийсэн тоглолтыг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлүүлснээс хойших бүх тоглолтдоо өрсөлдөгчөө хожсон байна.


“Аль-Хиляль”-ийн төлөө мөн “Вулвз” клубийн хагас хамгаалагч асан Рубен Невиш, бразил довтлогч Неймар нар хүчин зүтгэж байгаа бөгөөд Неймарын хувьд өнгөрсөн зун “Пари Сен-Жермен”-ээс 90 сая орчим еврогийн гэрээгээр тус багт ирсэн юм. Гэхдээ Неймар өвдөгний бэртлийн улмаас 10 дугаар сараас хойш талбайд гараагүй.


“Бенфика”, “Фламенго” клубүүдийг дасгалжуулж байсан Жоржи Жежушаар удирдуулсан “Аль-Хиляль” Саудын Арабын мэргэжлийн лигт Криштиану Роналдугийн “Аль-Наср”-ыг 12 оноогоор илүүрхэн тэргүүлж байна.


“Аль-Хиляль” 28 дараалан хожихдоо эсрэг багийнхаа хаалганд оруулсан 81 гоолын 26-г нь А.Митрович хийсэн байна. Тус баг лигийн 16 тоглолт, дотоодын цомын төлөөх гурван тоглолт, Азийн аваргуудын лигийн есөн тоглолтод хожжээ.


Мягмар гарагт эсрэг багаа буулган авснаар “Аль-Хиляль” Азийн Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан байна. 

Холбоотой мэдээ