БУЛГАН: Сэлэнгэ сумын малчид бүлгийн зохион байгуулалтад 100 хувь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-20 10:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын баг 3 дугаар сарын 17-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллалаа.


Ажлын багийнхан Сэлэнгэ сумын хаваржилтын байдалтай танилцан, Харцайн голын Малчны бүлгийн малчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Харцайн голын малчны бүлэгт 31 өрхийн 109 хүн ам хамрагдаж, 8500 мал аж ахуй эрхлэн хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна

Сэлэнгэ сум малчны нийт 17 бүлэгтэй. Тэд газар нутгийн байршлаараа нэгдэж 31-37 өрх нийлэн малчны бүлэг байгуулж, бэлчээр нутгаа хамгаалах, хадлан өвсөө авах, төр захиргааны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, өөрсдийн санал хүсэлтийг гаргах зэрэг бүхий л үйл ажиллагаанд бүлгийн хурлаас шийдвэр гарган оролцож хамтран ажиллаж байна. 


Сэлэнгэ сумын засаг дарга Б.Ууганбаяр төр захиргааны ажил явуулах, малчдад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүлгийн зохион байгуулалт хамгийн үр дүнтэй ажил гэж үзэж байна.


Малчид сар, улирал, жилд хурлаа товлон хийж, өвс хадлан, модны гоожин олгох айлаа олонхын саналаар шийдэж, хаана ямар гүүр барих, хашаа хамгаалалт хийхээ ярилцаж, мөн шинэ өрх бий болох, айл нүүж ирэхэд бүлгээрээ хаана буулгах, ямар малтай зэргийг хэлэлцээд, сум захиргаандаа саналаа хүргүүлдэг байна. Ингэснээр суманд бэлчээр нутаг, бусад малчдын дунд маргаан огт байдаггүй, эвтэй байдаг давуу талтай юм.


Мөн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ажиллаж байгаа "Мон бийф катл" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь Сэлэнгэ үүлдрийн 2000 орчим үхрийг 40 га-д тэжээлийн ургамал тариалан тэжээдэг, орон нутагт 10 гаруй тогтмол ажлын байр бий болгосон байна.


Сэлэнгэ сумын ихэнх нутгаар өнөтэй сайхан хаваржиж байгаа ч 15000 орчим мал өвөлжиж буй Атар багт цагаанаар зудархуу, 2000 орчим малын хорогдол гарсан байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д. Амарбаясгалан төрөөс хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, түүнийг түшиглээд малчдын жижиг дунд үйлдвэрлэл хоршоог бодлогоор дэмжих тухай танилцуулаад,  Сэлэнгэ сумын малчид 100 хувь бүлгийн зохион байгуулалтад ороод 4 жил болж буй нь малчны хоршоо хөгжүүлэх суурь тавигдсан жишиг үйл ажиллагаа хэмээн илэрхийллээ.


Холбоотой мэдээ