ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын мал, малчныг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-02 16:46:49

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЗДТГ-аас “Малчдадаа тусалъя” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд иргэд, байгууллагуудаас илгээсэн 22.9 сая төгрөгийн үнэ бүхий хандив, тусламжийг 400 гаруй малчин өрхөд хуваарилж, эмийн сангийн багц, хүнсний тусламжийг хүргээд байна.


Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Мал эмнэлэгтэй хамтран мал, малчныг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Мобайл технологи буюу явуулын ЭХО, зөөврийн ЭКГ аппаратыг ашиглан 386 өрхийн 545 насанд хүрэгч, 3 хүртэлх насны 28 хүүхэд, 45 ахмад настанд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн юм. Малчдын дунд даралт ихсэх, мэдрэлийн гаралтай болон амьсгалын замын өвчлөл зонхилж байгааг сумын Засаг дарга Б.Ганбат хэлж байна.



Түүнчлэн аяны хүрээнд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар 300 гаруй өрхийн малд үзлэг хийж, хээлээ даахгүй, төллөж чадахгүй байгаа үхэр, хонь, ямаанд кесар хагалгаа, төл малд үрэвслийн эмчилгээ хийлээ.


Арвайхээр сум 2023 оны жилийн эцсийн байдлаар 262 608 толгой мал тоолуулсан бөгөөд одоогоор нийт малын 0.85 хувь нь хорогдоод байна. Сумын Онцгой комиссын хурлаар 25 мянган төгрөгийн нарийн ногоон өвсийг 13000 төгрөгөөр, 40кг-ын савлагаатай улаан буудайг 8000 төгрөгөөр олгох шийдвэр гарсны дагуу 13 багийн малчдад хөнгөлөлттэй өвс, тэжээлийг хуваарилжээ.

 

Холбоотой мэдээ