Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд тэнцээгээр дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-04-10 09:46:29

МАДРИД, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /TASS/. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод Английн “Манчестер Сити”, Испанийн “Реал” багууд учраа таарч, 3:3-аар тэнцлээ. Тоглолт Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болжээ. 


“Манчестер Сити”-гээс Бернардо Силва (2 дахь минут), Фил Фоден (66), Жоско Гуардиол (71) нар, “Реал Мадрид” багийн Родриго (14), Федерико Вальверде (79) нар гоолдлоо. Тоглолтын 12 дахь минутад “Манчестер Сити”-гийн хамгаалагч Рубен Диас бөмбөгийг өөрийн хаалганд оруулжээ.  


Шөвгийн наймын өөр нэгэн тоглолтод Английн “Арсенал” талбайдаа Германы “Байерн” багтай 2:2-оор тэнцжээ. Талбайн эздээс Букайо Сака (12 дахь минут), Леандро Троссард (76 дахь минут) нар гоолдсон бол зочин багаас өмнө нь “Тоттенхэм”-д хүчин зүтгэж байсан Серж Гнабри (18), Английн хөлбөмбөгчин Харри Кейн (32) нар гоол оруулжээ. Хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 17-нд Манчестер, Мюнхен хотуудад болно.


Шөвгийн наймын бусад хоёр тоглолт өнөөдөр болно. "Атлетико Мадрид" талбайдаа "Боруссиа Дортмунд" багийг хүлээн авах бол Францын нийслэлд "Пари Сен-Жермен" Испанийн "Барселона" багтай тоглоно. Эдгээр багийн хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 16-нд болно. 


Аваргуудын лигийн аварга баг зургаадугаар сарын 1-нд Лондон хотын "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд тодорно. 




Холбоотой мэдээ