Украины дайныг зогсооход нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-17 09:50:02

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /DW/. Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нөлөөлж, дайныг зогсоохыг ятгахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан уриалжээ.


"Хятадын үг Орост жинтэй нөлөөтэй. Тиймээс утга учиргүй цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ татаж, энэ аймшигт дайныг дуусгахын тулд Путинд шахалт үзүүлэхийг Ши даргаас хүссэн" гэж Шольц дөрөвдүгээр сарын 16-ны мягмар гарагт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.


Канцлерын хэлснээр, Ши Жиньпин зургаадугаар сарын дундуур Швейцарт болох Украины асуудлаарх энхийн бага хурлыг дэмжиж байгаа ажээ. "Хятад, Герман улсууд Швейцарт өндөр түвшний бага хурлыг, мөн цаашид олон улсын энх тайвны бага хурлуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтыг эрчимтэй, эергээр зохицуулна" гэж Канцлер бичсэн байна.


Германы Канцлер, Хятад улсын даргын уулзалт Олаф Шольцын Хятадад хийсэн гурван өдрийн айлчлалын сүүлийн өдөр болжээ. Хоёр орны удирдагчид сайд нар, бизнесийн төлөөллийг байлцуулан Украины дайнаас гадна, уур амьсгалыг хамгаалах, Герман, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 


Хятад улс Украины асуудалд төвийг сахисан хэвээр байхыг зорьж байна

Хятад улсын мэдэгдсэнээр, тус улс Украинд болж буй дайнд төвийг сахисан байр суурь баримталж байна. Өрнөдийнхөн Бээжинг буруутгахдаа "ОХУ-ыг хөрш орон руугаа довтолсныг албан ёсоор буруушаагаагүй, дайны хоёр жилийн хугацаанд Оростой эдийн засаг, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн" гэж шүүмжилдэг.


Ши Жиньпин Германы Канцлертай уулзах үеэрээ нийт хүн төрөлхтөнд эрсдэл дагуулж буй "ороо бусгаа, үймээн самууны шинэ эриний" янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд том гүрнүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрчээ. "Бид хамтдаа дэлхийн байдлыг илүү тогтвортой болгож, аюулгүй байдлыг хангаж чадна" гэж тэрбээр мэдэгдээд Хятад улс улс төрийн санал зөрөлдөөнийг үл харгалзан Герман улстай хамтран ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ