Баянхонгорын зарим сумдад бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-21 16:26:28

Баянхонгор аймагт 2015-2016 оны өвөл 20 сумын 104 багийн 11,859 өрхөд 3,7 сая мал өвөлжиж байна. Одоогоор Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирсэн нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ.

Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Энэ нь өнгөрсөн зун зуншлага оройтсон, бэлчээрийн өвс, ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүйгээс, мөн өнгөрсөн жил 2,6 сая байсан малын тоо 3,0 сая давж өссөн нь даац хэтрэхэд нөлөөлсөн байна. Түүнчлэн цасны хэмжээ тал газартаа 10-30 см, ялангуяа Байдраг суманд  өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлсөн.

Засгийн газар улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвийг үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэр гаргасан. Ялангуяа үнэгүй олгосон өвсийг өвөлжилт хүнд байгаа малчны хотонд хүргэх, хууль бусаар дамлан худалдаалах, борлуулахгүй байхыг Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгээс орон нутгийнханд зөвлөж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн 7 суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад хүндрэл учирч байгаа аж. 

相关新闻