10 эмэгтэйн нэг нь зодуулан хүчирхийлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 13:05:55

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсч, хүчирхийллийн  гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд байгаа тухай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ. 

 Сүүлийн үед  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг иргэдээс  цагдаагийн байгууллагад өгөх нь нэмэгдсэнээр  уг гэмт хэргийн илрүүлэлт өсчээ. Мэдээлэлд судалгаа хийж үзэхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт гэнэт нэмэгдээгүй, харин хөрш айлд нь гарсан хэрүүл тэмцэл, хүүхдийн уйлах дууг сонссон ч тоолгүй өнгөрдөг байсан иргэд хуулийн байгууллагад ханддаг болсноор гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ийнхүү 60 хувиар өссөн дүн гарчээ. Ухамсар дорой эр хүн л эхнэр хүүхэд, гэр бүлийн хүмүүсээ дарамталж хүчирхийлэл үйлддэг байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 30 хувь нь дээд боловсролтой, 30 хувь нь ажилгүй, үлдэж байгаа хэсэг нь нийгмийн дундаж давхаргын хүмүүс байх аж. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн жил 638 хүн эрүүл мэндээрээ, 12 хүн амь насаараа хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 57 хувь нь нийслэл хотод, 43 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна. Хүчирхийллийн хэрэг сүүлийн жилүүдэд өссөн учир 2 жилийн өмнө цагдаагийн байгууллагын дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах түр байрыг ажиллуулж эхэлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус байранд 259 эмэгтэй, 529 хүүхэд, 5 эрэгтэй хүн түр орогножээ. Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна ахмадууд ч өртөх болжээ. Өндөр настнуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг төрийн бус байгууллагууд хийсэн байна. Хүчирхийллийн улмаас 10 эмэгтэй хүн тутмын нэг нь зодуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход иргэдийн оролцоо чухал юм гэдгийг цагдаагийн байгууллага болон хүчирхийллийн эсрэг ТББ-ууд анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻