Хуульчид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-26 15:14:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Хуульчийн мэргэжлийн шалгалт өнөөдөр эхэлж буй бөгөөд улсын хэмжээнд нийт 1146 хуульч мэдлэг чадвараа сорино.

Хуульчийн мэргэжлийн шалгалт дөрвөн салбарт тест буюу сорилгын шалгалтаар эхэллээ.   

III салбарын нарийн бичгийн дарга П.Оюун “Гуравдугаар салбарт үдээс өмнө 146 хуульч шалгалт өгөхөөс 132 нь ирлээ. Үдээс хойш 156 хүн шалгалт өгнө. Одоогийн байдлаар гацсан компьютер байхгүй, шалгалт хэвийн үргэлжилж байна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдсэн, үргэлжлэх хугацаа 200 минут. Журмын дагуу сорилгын шалгалт 200 асуулгатай 40 онооны шалгалт. Эхний шалгалтад тэнцсэн хуульчид маргааш бодлогын шалгалтад орох эрхтэй болно. Үүнд иргэний, эрүүгийн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэдлэг чадвараа сорино. Нийт шалгалтын оноо 100 бөгөөд  70 буюу түүнээс дээш оноо авсан хуульч мэргэжлийн шалгалтад тэнцэнэ” гэлээ.

Магадлан итгэмжлэгдсэн Хууль зүйн их сургууль төгссөн, хуульчийн мэргэших дадлагыг хоёр жил түүнээс доошгүй хугацаанд хийсэн хуульч  мэргэжлийн шалгалтад орох эрхтэй. Шалгалтад тэнцсэнээр өмгөөлөгч, прокурор, шүүгчийн шалгалт өгөх эрхтэй болохоос гадна шүүхэд төлөөлөх дугаар авч өмгөөлөл хийх эрхтэй болно. 

Б.Янжиндулам

相关新闻