Энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 цахим гэмт хэрэг бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хэмжээнд интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа бөгөөд өмнөх онд цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 болж өсчээ. Үүний 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой хэрэг эзэлж байна.
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд ЦЕГ-тай хамтран энэ сарын 5-ны өдрөөс цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой "Unfriend хөдөлгөөн" ухуулга, нөлөөллийн арга хэмжээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулж дэмжин ажиллаж байна.
Мөн тус арга хэмжээний хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван төрлийн 11000 ширхэг ухуулга, сурталчилгааны материалыг хэвлүүлэн ЕБС, цэцэрлэг, орон сууцны хорооллын цахилгаан шат, мэдээллийн самбар, автомашин, нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулан иргэдэд мэдээлэл хүргээд байгаа талаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.