Б.Булган өмгөөлөгчтэй тогтмол уулзуулахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАрдчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш бараг гурван сар өнгөрч байна.
Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны мэдээлэл, тайлбар өгөөгүй. Тэгвэл өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төв аймаг дахь Урьдчилан хорих ангид очиж Б.Булгантай уулзсан юм.
Ж.Батзандан гишүүнээр дамжуулж Б.Булган өмгөөлөгчтэйгөө тогтмол уулзахыг хүссэн байна. Мөн унших ном сонин, сэтгүүл оруулж өгөхийг гуйжээ. Б.Булган нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө нэг ч удаа уулзаагүй байна. Улмаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Б.Булганы өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхийг нь хангаж ажиллах шаардлагыг хяналтын прокурорт хүргүүлнэ гэж Ж.Батзандан гишүүн мэдэгдэв. Б.Булганы хувьд хоригдож буй нөхцөл байдал хоол, ундны талаар гомдол гаргах зүйлгүй гээд "Зөвхөн үнэн ялна гэдэгт итгэж сууна" гэжээ. Мөн өөрөөс нь хуулийнхан мэдүүлэг, тайлбар цөөхөн авсныг ч дуулгасан байна.
Ж.Батсайхан