Хэрэглэгчдийн эрх ашгийг хууль зүйн үндэслэлтэй хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-14 14:02:28

Монголын Хуульчдын холбоо болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичиг байгууллаа.  

Хэрэглэгчдийн эрх ашгийг хууль зүйн үндэслэлтэй хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд хуулийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зорилготой уг Санамж бичигт Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн /ХЭАХН/ нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд нар гарын үсэг зурсан юм.  

ХЭАХН-ийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд “Хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол бүрийн цаана эрх зүйн зөрчил үүсч байдаг. Хэрэглэгчид хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас эрх нь зөрчигддөг. Эсвэл эрх нь зөрчигдсөнийг тэр болгон мэддэгггүй, мэдсэн ч хаана хандахаа мэддэггүй гэх мэт асуудал гардаг. Ийм учраас хэрэглэгчдэд эрх зүйн боловсрол, шат дараалсан мэдлэг олгоход Санамж бичгийн нэг гол зорилго оршиж байна” гэлээ.

Дээрх хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авахаар тусгасан байна. Нэн тэргүүнд Санамж бичгийн хүрээнд хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн маргаанд хуулийн байгууллагаас хууль зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн хууль зүйн үйлчилгээ авч байгаа хэрэглэгч өмгөөлөгчөөс гэрээгээр тодорхойлсон үйлчилгээгээ бүрэн авч чадаагүй, өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хохирол учирсан бол нөхөн төлөх, үйлчилгээний төлбөрийг буцаан олгох, салбарын аж ахуй эрхлэгчээс хэрэглэгчидтэй байгуулж буй гэрээний нөхцөлийн хэрэгжилтэд судалгаа хийх зэрэг асуудлыг тусгажээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилготой хамтарсан сургалт, мэдээлэл, семинар зэргийг зохион байгуулахаар болж байгаа аж.

С.Сайнзаяа

相关新闻