Энэ жил 1000 гаруй километр авто зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 14:43:53

Энэ жил Засгийн газраас дөрвөн аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосноор 21 аймгийг Улаанбаатар хоттой холбох ажил бараг дуусна хэмээн Зам, тээврийн сайд М.Зоригт мэдэгдсэн.

Тэрбээр “2016 онд 1000 гаруй километр замыг шинээр тавина. Зам, дэд бүтцийн ажил орон даяар дөрөвдүгээр сарын 15-наас зэрэг эхэлнэ” гэв. Нийт замын 20 хувийг улсын төсвийн хөрөнгөөр үлдсэнийг нь төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлахаар болжээ.

Харин нийслэл хотын хувьд Налайхын зэрэг томоохон таван зам тавихаар төлөвлөжээ. Мөн алслагдсан боомтуудын зам, дэд бүтцийг засаж сайжруулан, гадаад худалдааг дэмжин ажиллана. Мөн сүүлийн жилүүдэд авто замын хэмжээ уртассанаас засварын ажил ч нэмэгджээ. Энэ онд л гэхэд замын засвар, арчилгаанд 50 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Үүнээс гадна Зам, тээврийн салбарын машин, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр зэхэж байна. Салбарын яамнаас хот хоорондын тээврийн компаниудын парк шинэчлэлд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж БНСУ, Беларусь улсаас 5-10 жилийн хугацаатай, жилийн 1.5-2 хувийн хүүтэй зээл авахаар хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, БНСУ-аас том оврын 200 шинэ автобус худалдаж авахаар төлөвлөжээ.

“Аэро Монголиа” компанид шинэ онгоц түрээслэхэд дэмжлэг үзүүлэх юм. Дөрөв дэх жилдээ болж буй зам, тээврийн салбарын үзэсгэлэнгийн үеэр эдгээр асуудлыг хэлэлцлээ. Уг үзэсгэлэнд салбарын төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ. Монгол Улс сүүлийн дөрвөн жилд замын салбарт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Д.Өлзий

相关新闻