Г.Түвшинжаргалтай холбоотой гэх хоёр эмэгтэйг суллан гадуур шалгахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-30 16:15:22

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн удирдлагыг хоёр эмэгтэй ажилтны хамтаар энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.

Өчигдөр Г.Түвшинжаргалыг гадуур байцаах боломжтой гэж прокурор үзэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд түүнийг батлан даалтад гаргах санал гаргаснаар сулласан. Тэгвэл өнөөдөр болсон шүүх хурлаар  түүнтэй хамт сэжигтнээр татагдан хоригдож байсан “Натур фрэйндли” компанийн ажилтан Т.Энхцэцэг, Г.Буяндэлгэр нарыг прокурорын саналаар бас суллалаа. Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хуралдаж, дээрх хоёр эмэгтэйг хорихоос өөр арга сонгож, мөрдөн байцаалтыг үргэлжлүүл гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл Т.Энхцэцэг, Г.Буяндэлгэр нарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих прокурорын саналаас шүүх татгалзаж, таслан сэргийлэхээс өөр арга сонго гэсэн захирамжийг мөрдөн байцаагчид өгчээ. Шүүх хуралд сэжигтнээр татагдсан Т.Энхцэцэг, Г.Буяндэлгэр нар хорих 461 дүгээр ангиас онлайнаар холбогдож оролцсон юм.

Ж.Батсайхан

相关新闻