Сумдад мэргэжлийн хяналтын байцаагч дутмаг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМХЕГ-ын дарга Ц.Шаравдорж энэ сарын 29-нөөс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, орон нутагт дахь Мэргэжлийн хяналтын газар, хилийн боомтын хяналтын үйл ажиллагаатай танилцаж байна.
Хөдөө орон нутагт, ялангуяа сумдад чиглэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид дутмаг, нэгдсэн лабораториудад нэг хүн хоёр ажил давхар хийж байгаа гэх зэрэг дутагдал гардаг аж. Тухайлбал, Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт авто зам, байгаль орчин, газрын харилцааны хяналтын байцаагч байхгүй, Дорнод аймгийн МХГ-т бүтцийн өөрчлөлт хийж, шил угаагч, үйлчлэгч нарыг халснаар шинжээчид өөрсдийн сорьцийн шилээ угааж, үйлчилгээ цэвэрлэгээгээ ч давхар хийдэг юм байна. Ингэснээр ариутгал, халдвар хамгааллын дэглэм зөрчиж байна гэдгийг МХЕГ-ын даргад танилцуулжээ.
Мөн Дорнод аймгийн МХГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байцаагчид сүүлийн таван жил дүрэмт хувцасны хангалтаа аваагүйн улмаас цалингаасаа 350 000 төгрөгөөр дүрэмт хувцас, улсын байцаагчийн тамгаа худалдан авч, хувиараа хийлгэж байгаа аж. Гэтэл төрийн хяналтын чиг үүрэгтэй бусад байгууллагуудын улсын байцаагчид нь дөрвөн улирлын хувцасны хангалтаа авахын зэрэгцээ, цаг тухайд нь зэрэг дэвийн нэмэгдлүүдээ хүртдэг. Энэ мэтчилэн тэд төрийн зүгээс хяналтын чиг үүрэгтэй ажилладаг байгууллагуудынхаа байцаагч нартаа ялгавартаа хандаж, нийгмийн асуудал нь орхигдсон талаар гомдлыг тавьсан байна.
Н.Туяа