Үнэрч нохойны алба 72 нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-31 12:02:58

Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохойтой эргүүл байнга ажиллуулдаг. Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр болж байна. 

Энэ өдөртэй холбогдуулан ЦЕГ-ын Сургалтын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяраас тодрууллаа. 1944 онд анх ДЯЯ-ны шийдвэрээр Цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа үнэрч нохой ашиглах алба байгуулагджээ. Энэ жил тус алба 72 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1967 онд эрдэмтэд хүний хурууны хээ дахин давтагддаггүй шиг хүний үнэр бас давтагдашгүй юм гэдгийг нотолсноос хойш үнэрч нохойг улс, үндэстнийхээ аюулгүй байдал, хил, гааль зэрэгт өргөнөөр ашиглах болсон түүх бий. Манай улс өмнө нь ЗХУ, БНАГУ, Унгар зэрэг улсаас бэлтгэгдсэн нохой авчран сургалт, албандаа ашиглаж байсан бол 1990 оноос хойш дотоодынхоо хувийн хэвшлийнхнээс нохой авч сургах болсон байна. Үнэрийн лабораторийг 1992 онд байгуулж, үнэрийн сантай болсныг мөн ярилаа.

Одоо дүүрэг бүрт нэг нохойн төлөөлөгч ажиллаж, шаардлагатай үед үнэрч нохой сургах ажлыг зохион байгуулдаг байна. Удахгүй дөрөвдүгээр сар гаруут БНХАУ руу нохой сургагч бэлтгэх дамжаанд төлөөлөгчөө явуулахаар бэлтгэж байгаа юм. Мөн "Бээжин малена" үүлдрийн нохойг сургалтандаа болон үржлийн зорилгоор ашиглахаар худалдан авсан гэдгээ нохой сургагчид хэлэв. Энэхүү хятад улсын шилмэл нохой нь дэлхийн 10 гаруй орны цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Дүүрэг бүхэнд нохойтой цагдаагийн эргүүл байнга гарч байгааг ч энэ үеэр дуулгалаа.

Ж.Батсайхан

 

相关新闻