ХЭҮК тайландаа гадаадын иргэдийн асуудлыг хөндлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-31 16:12:09

Хүний эрхийн Үндэсний комисс өнөөдөр 2015 оны ажлын тайлан-товхимлоо танилцууллаа. Уг тайлан товхимолд олон ажлыг хийж гүйцэтгэсэн болон асуудлыг хөндөн тавьснаа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцолсон юм.

Нэн ялангуяа сүүлийн үед манай улсад амжиллаж амьдарч буй гадаадын иргэдийн асуудлыг энэ удаагийн тайланд дэлгэрэнгүй тусгажээ. Монгол Улсад 25-30 мянган гадаадын иргэд түр хугацаагаар суурьшдаг гэсэн албан бус тоо байдаг. Тэд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эмчилгээнд хамрагдах зэрэг олон шалтгаанаар манай улсад суурьшдаг байна. Бас зарим нэгэн иргэн ч санаатай болон санаандгүй байдлаар түр оршин суух хугацаагаа хэтрүүлдэг аж. Иймэрхүү визний зөрчил гаргасан гадаад иргэдийн асуудлыг шийдэх гэхээр юуны өмнө албадан саатуулах байр манайд байдаггүй, гадаадын иргэдийн асуудлыг эрхэлдэг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газарт л  ганц өрөө байдаг. Энэ мэтээс болоод зөрчил гаргасан гадаадын иргэдийг саатуулж чаддаггүй, зөвхөн  шалгахаас хэтэрдэггүй гэдгийг ХЭҮК онцлов. 

Монголд  байх хугацаагаа хэтрүүлсэн нь гадаад иргэдийн буруу хэдий ч тэднийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй адилтгах боломжгүй  юм. Гэвч хууль ёсны үүднээс визний хугацаа нь хэтэрсэн гадаадын иргэдийг албадан саатуулах, шалгах  байртай болох ёстой гэдгийг ХЭҮК хөндлөө. 

Ж.Батсайхан

相关新闻