Гааль, татварынхныг авлигаас сэргийлэх арга хэмжээг авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газраас Гааль, татварын ерөнхий газрын ажилтнуудыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, Азийн сангийн санхүүжилтээр хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа”-г үндэслэн дээрх арга хэмжээг зохиож буй аж. Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч гааль, татварынхантай хамтран ирэх 10 дугаар сар хүртэл хугацаанд тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллахаар болжээ. Тус ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд ажиллаж байна. Тэд төв, орон нутаг дахь Гаалийн газруудад очиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх гэнэ. Мөн гаалийн салбарт мөрдөж буй дүрэм журам, зааврыг хянан үзэх, үйлчлүүлэгчид, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсох, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах аж. Мөн гаалийн байгууллага дахь авлигын нөхцөл байдлын талаар дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах юм байна.
Ж.Батсайхан