277 цэргийн алба хаагчийг мэргэшүүлж байгаатай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын эхний ээлж удахгүй төгсөх гэж байна.
Хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, мэргэшсэн жолооч, бетон арматурчин зэрэг захиалгат мэргэжлээр 270 сонсогчийг Налайх дахь МСҮТ болон Батлан хамгаалахын их сургуульд гурван сарын хугацаанд сургаж байгаа юм. Сонсогчид үйлдвэрлэлийн дадлагаа хийж байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар Баянзүрх дүүрэг дэх Хужирбулан-Гачууртын замын бүтээн байгуулалтад оролцож, үйлдвэрлэлийн дадлага хийж буй сонсогчидтой уулзжээ. Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нар дагалдав. ЗХЖШ-ын тэргүүн ахлагч Д.Оюунболд "Цэргийн алба хаагчдад иргэний мэргэжил эзэмшүүлэх сургалтыг гурван сарын хугацаатай явуулж нийтдээ 630-690 цагийн онолын болон дадлагын сургалтад хамрууллаа. Үлдсэн хугацааны дадлагад хүнд машин механизмын оператор, завсарчин, жолооч мэргэжлээр сурч буй 277 сонсогч хамрагдаж байна" гэж онцлов. Энэ үеэр цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших сонсогчдод сургалтаа амжилттай дүүргэж, стандартад заасан ур чадвар эзэмшсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээ бус мэргэжлийн үнэмлэх олгох, цэргийн алба хаасан хугацаагаар тэтгэвэрт эрт гардаг ахлагч нараа МСҮТ-ээр дамжуулан хос мэргэжил эзэмшүүлж энгийн газарт ажиллах боломжоор хангах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас хүсэв. Налайх дүүргийн МСҮТ-ийн ахлах багш Ч.Базаррагчаа "Цэргүүдэд хичээл заахад урамтай юм байна. Заасан даалгаврыг богино хугацаанд биелүүлж, амархан сурч байна.Бие даах чадвар сайтай учраас тусгайлсан мэргэжлүүдээ богино хугацаанд эзэмшиж чадсан" гэсэн мэдээлэлд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэлээ.
“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн дагуу 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлнэ. Үүний эхлэл болгож Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулсан нь энэ юм.
Ж.Батсайхан